ОХУ-ын Приморийн хязгаарын хамгийн зүүн өмнөд хэсэгт орших Хасан суурин Орос улс Хойд Солонгостой хиллэдэг 17 километрийн хилийн дагуух цорын ганц суурин газар юм.
Одоогийн байдлаар Орос, БНАСАУ-ыг холбосон цорын ганц хуурай замын гарц 1959 оноос хойш ашиглагдаж буй “Найрамдлын гүүр” бөгөөд Туманная (Туманган) гол дээгүүрх төмөр замын энэ гүүрээр хоёр улсын хоорондын тээвэр явагддаг.
2025 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн хуучин төмөр замын гүүрнээс хэдхэн зуун метрийн зайд шинэ автомашины гүүр барьж эхэлжээ. Тус бүтээн байгуулалт одоогийн байдлаар дуусах шатандаа орсон бөгөөд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад орох магадлалтай байгаа аж. Гурван сар гаруйн өмнө гүүрийн үндсэн хэсгүүдийг холбох ёслол болсон байна.
Энэхүү төсөл Украины анхаарлыг татаж, болгоомжлол төрүүлж байгаа ажээ. Украины тал шинэ гүүрийг зөвхөн худалдаа, эдийн засгийн зориулалтаар ашиглахаас гадна Орос улс Хойд Солонгосын цэрэг, зэвсгийг Украин дахь дайны бүс рүү нууцаар тээвэрлэхэд ашиглаж болзошгүй гэж болгоомжилж буй юм байна.

Орос, Хойд Солонгосын харилцаа улам ойртож байна
2022 оны хоёрдугаар сард Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Москва, Пёньяны харилцаа улам ойртсон. Хоёр улс хоёулаа барууны орнуудын өргөн хүрээний хориг арга хэмжээнд өртөөд байгаа билээ.
2024 оны зургадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Ажиглагчдын үнэлж буйгаар, энэхүү гэрээний гол үр дүн хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа эрчимжсэн явдал байв.
Үүнд Хойд Солонгос Орост их хэмжээний их бууны сум, пуужин нийлүүлэх, мөн Украины дайнд Оросын талд оролцох цэргийн хүч илгээсэн гэх мэдээллүүд багтдаг. Үүний зэрэгцээ хоёр улс автомашины шинэ гүүр барих асуудлаар тохиролцжээ.
ОХУ-ын Тээврийн сайд Андрей Никитин "Шинэ гүүр ашиглалтад орсноор хоёр орны худалдаа нэмэгдэж, логистик сайжирч, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө" гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн (CSIS) шинжээчид "Орос, Хойд Солонгосын худалдаа нэмэгдэж буй нь Украины дайн үргэлжилж буй нөхцөлтэй холбоотойгоор стратегийн ач холбогдолтой болж байна" гэж дүгнэжээ.

Гүүр худалдаа, аялал жуулчлалын төсөл мөн үү?
Зарим шинжээч шинэ гүүрийг зөвхөн иргэний зориулалттай төсөл гэдэгт эргэлзэж байгаа аж. Албан ёсны мэдээллээр 2024 онд Орос, Хойд Солонгосын худалдааны хэмжээ ердөө 34 сая ам.доллар байсан бол зөвхөн шинэ гүүр болон дагалдах дэд бүтцийн зардал ойролцоогоор 100 сая ам.доллар гэж тооцоолжээ.
Мөн хиймэл дагуулын зурагт барилгын талбайд томоохон агуулах, гаалийн байгууламж, ачааны автомашины зогсоол болон нисдэг тэрэгний талбай баригдаж буй нь харагдсан байна.
Украины "Truth Hounds" байгууллагын шинжээчид уг гүүрийг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэх тайлбарт эргэлзжээ. Тэдний үзэж буйгаар, Хойд Солонгосын аялал жуулчлал маш хязгаарлагдмал бөгөөд тус улсын хаалттай байдлаас шалтгаалан ойрын хугацаанд их хэмжээгээр өсөх боломж бага аж.
Түүнчлэн Орос улс өмнө нь Москва-Пёньян чиглэлийн шууд нислэгээр жуулчдыг татах оролдлого хийсэн ч үр дүн бага байсан бөгөөд 2025 онд Хойд Солонгост очсон орос жуулчдын тоо 10 мянгаас бага байсан гэх мэдээлэл бий аж.

Шинэ гүүр цэргийн тээвэрт ашиглагдах эрсдэлтэй юу?
"Truth Hounds" байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар шинэ гүүрийн гол зорилго нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Хойд Солонгосын цэрэг, зэвсгийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэхэд оршиж болзошгүй аж.
Өмнө нь Өмнөд Солонгос, Украин, АНУ-ын эх сурвалжууд Хойд Солонгос Оросын талд Украинтай хийж буй дайнд оролцуулах зорилгоор 14-15 мянга орчим цэрэг илгээсэн байж болзошгүй гэж мэдээлж байсан. Тэдний зарим нь Оросын Курск муж дахь байлдааны ажиллагаанд оролцсон гэх мэдээлэл гарчээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, төмөр замын тээврийг хиймэл дагуулаар хянах харьцангуй хялбар байдаг бол автомашины тээвэр илүү далд хэлбэрээр явагдах боломжтой. Учир нь, ачааны машин, цэргийн техник замын олон хувилбараар хөдөлж, хүссэн газартаа ачаа буулгах боломжтой байдаг.
Хойд Солонгос Оросоос юу авч болох вэ?
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Орос руу Хойд Солонгосын 30 мянга хүртэлх цэрэг шилжиж болзошгүй талаар анхааруулсан байна. Түүний үзэж буйгаар, Москва, Пёньяны хамтын ажиллагаа Хойд Солонгост байлдааны туршлага хуримтлуулах, зэвсгийн хөгжүүлэлтээ сайжруулах боломж олгож байгаа аж.
Мөн зарим шинжээч Хойд Солонгос Орост үзүүлж буй цэргийн дэмжлэгийн хариуд Оросоос цөмийн технологийн чиглэлээр тусламж авч болзошгүй гэж таамагласан байна.
Ийм нөхцөлд Орос-Хойд Солонгосын автомашины шинэ гүүр нь зөвхөн худалдааны шинэ гарц болох уу, эсвэл хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн дэд бүтэц болох уу гэдэг асуудал олон улсын анхаарлын төвд байна.
Эх сурвалж: DW