ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори хоёр хоногийн өмнө эхэлсэн соронзон шуурга дуусаж, үлдэгдэл геомагнитын хэлбэлзэл бүрэн зогссон бөгөөд дахин идэвхжих эрсдэлгүй болсон талаар мэдээлжээ.

Лабораторийн Telegram сувгаар “Дэлхий дээрх соронзон шуурга дууслаа. Үнэндээ шуурганы үндсэн үе шат ням гарагт, эхэлсэн үетэйгээ ойролцоо хугацаанд буюу хоёр хоногийн өмнө дууссан. Гэвч үүний дараа нэг хоногоос илүү хугацаанд үргэлжилсэн үлдэгдэл хэлбэлзлүүд байсан тул эцсийн дүгнэлт хийх боломжгүй байлаа.

Одоогийн байдлаар идэвхжил дахин сэргэх бүх эрсдэл арилж, энэ үйл явдал дууссан гэж бүрэн итгэлтэйгээр мэдээлэх боломжтой” гэжээ.

Түүнчлэн одоогийн байдлаар нарны идэвхжлийн индекс болон туйлын туяаны үзүүлэлтүүд маш бага түвшинд буй бөгөөд мягмар гарагт сансрын цаг агаар тайван байх төлөвтэй байгааг тус лаборатори онцолсон байна.

Эх сурвалж: RIA  NOVOSTI