Францын Ль Порж (Le Porge) тосгоноос Дэлхийн II дайны үеийн хэдэн зуун ширхэг сум, тэсрэх хэрэгсэл илэрсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн сард гарсан асар хүчтэй ойн түймрийн дараа сүйдсэн тосгоны оршин суугчид гэртээ буцаж ирэх үеэр илэрсэн байна.
Францын баруун өмнөд хэсгийг хамарсан сүйрлийн хэмжээний түймрийн дараа Жиронд (Gironde) бүс нутгийн тус тосгоны ойролцоо дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Орон нутгийн захиргаанаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр Иргэний хамгаалалтын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тэсрэх хэрэгслийг аюулгүй болгох ажиллагаа явуулж, 400 гаруй ширхэг сум болон бусад тэсрэх хэрэгслийг илрүүлэн зайлууллаа” гэжээ.
Долдугаар сард гал түймэр тосгонд ойртож ирэх үед тус тосгоны 3500 орчим оршин суугчийн ихэнх нь гэр орноо орхин дүрвэхээс аргагүй болсон байна. Түймрийг унтраахаар хэдэн зуун гал сөнөөгч дайчлагдсан бөгөөд энэ жилийн түймэр өмнөх жилүүдийнхээс илүү хүчтэй, урьдчилан таамаглахад бэрх байсан гэж албаныхан мэдээлжээ.
Уур амьсгалын хямрал Европт түймрийн аюулыг нэмэгдүүлж байна
Европын төв болон зүүн хэсгээр агаарын температур ойрын хугацаанд хэвийн хэмжээнээс 10-15 хэмээр өндөр байх төлөвтэй байгаа аж. Үүний зэрэгцээ Грек, Итали зэрэг орнуудад ойн түймэр үргэлжилсээр буй юм.
Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр "Дунай мөрний усны түвшин эрс буурсны улмаас тус улсын цорын ганц атомын цахилгаан станц болох Пакшийн АЦС (Paks Nuclear Power Plant) үйл ажиллагаагаа түр зогсоох хэмжээнд хүрэхэд 'хэдхэн миллиметрийн зайтай' байсан" гэж мэдэгджээ.
Австрид мягмар гарагт агаарын температур 40.8 хэмд хүрч, тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар цаг уурын алба мэдээлсэн байна.
Эрдэмтэд Европт ойн түймэр урьд өмнө гарч байсан ч уур амьсгалын өөрчлөлтөөс болж эдгээр түймэр улам бүр хүчтэй, өргөн хүрээтэй болж буй талаар анхааруулж байна.
Францад гарсан түймрийн улмаас одоогийн байдлаар 160 мянга гаруй га талбай шатсан бөгөөд энэ нь тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн том ойн түймэр болжээ.
80 гаруй жилийн дараа ч аюул хэвээр үлджээ
Түлэгдэж сүйдсэн Ль Порж тосгонд оршин суугчид эргэн ирсний дараа албаныхан санаанд оромгүй зүйл илрүүлсэн байна.
Дэлхийн II дайн дууссанаас хойш 80 гаруй жил өнгөрсөн ч дэлбэрээгүй үлдсэн сум, тэсрэх хэрэгслүүд Европ даяар өнөөг хүртэл газарт булагдсан хэвээр байдаг бөгөөд олон арван жилийн дараа дахин илэрдэг аж.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн сард “Өнөөдөр бидний тулгараад буй нөхцөл байдал бол урьд өмнө бүртгэгдсэн хамгийн хүнд, Дэлхийн II дайнаас хойших хамгийн хэцүү үе юм” гэж хэлжээ.
Бордо хотын Тэсрэх бөмбөг устгах ангийн дарга, командлагч Филипп Делемотт France Info агентлагт ярилцлага өгөхдөө “Түймрийн дараа дэлбэрэлтийн чимээ сонсогдож, бид өнгөрсөн долоо хоногт очиж шалгасан. Тэндээс талбай олж, 75 ширхэг сум зайлуулсан” гэжээ.
Тэрбээр “Энд жишээ нь хоёр миномётын сум байна. Нэг нь Францын үйлдвэрлэсэн миномётын сум, нөгөө хэсэг нь Германы 5 сантиметрийн сумууд” гэж тайлбарласан байна.
Түймрийн халуунд хуучин сумууд дэлбэрчээ
Эдгээр тэсрэх хэрэгслүүд яагаад ийм удаан хугацаанд илрээгүй нь тодорхойгүй байгаа ч Делемоттын хэлснээр газрын гүнд байсан зарим сум түймрийн халуунд дэлбэрч, улмаар тэдгээрийн байршлыг илрүүлэхэд хүргэсэн байна.
Аюулгүй байдлын үүднээс албаныхан тухайн бүсэд нэвтрэхийг хориглосон тусгай бүс байгуулжээ. Учир нь, дэлбэрэлт гарвал хэдэн зуун метрийн зайд “үхлийн аюултай хэлтэрхий” цацагдах эрсдэлтэй байжээ.
Делемотт “Ийм зүйлтэй бид хааяа таардаг. Гэхдээ эндэхийнх шиг бараг хаа сайгүй тархсан тохиолдол ховор” гэж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, эдгээр сумууд нь өнгөрсөн үеийн устгалын талбайгаас үлдсэн байх магадлалтай аж.
“Бүх зүйл шатсан”
Даваа гарагт Жиронд бүсийн захирагч Софи Брока аюулгүй байдлын шалгалт хийсний дараа оршин суугчдыг сүйдсэн хорооллуудад буцаж очихыг зөвшөөрчээ. Ойролцоох далайн эргийн бүсүүдэд түймэр үргэлжилж байгаа ч одоогийн байдлаар “хяналтад орсон” гэж албаныхан мэдэгдсэн байна.
Дэлхийн II дайны үеийн сум олдсон талаар асуухад Делемотт “Бид ийм зүйлтэй заримдаа таардаг ч энд маш их сум тархсан байсан учраас ховор тохиолдол гэж хэлж болно” гэжээ. Тэрбээр эдгээр нь түүхэн үеийн устгалын нүхүүдээс үлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Даваа гарагт авсан гэрэл зургуудаас харахад, оршин суугчид шатаж үнс болсон тосгондоо буцаж ирэн, сүйдсэн байшингуудын үлдэгдлийг шалгаж байжээ.
Нэгэн оршин суугч өнгөрсөн сард CNN-д ярилцлага өгөхдөө "Ойн түймрийн улмаас байшин болон тэжээвэр амьтдаа алдсан" гэж хэлсэн байна. Тэр “Энэ бол сүйрэл байсан. Бүх зүйл шатсан, бүр амьтад хүртэл” гэж ярьжээ.
Халуун, гангийн улмаас Европын түүхэн дурсгалууд ил гарч байна
Энэ зун Европ даяар нүүрлэсэн их халалт, хүчтэй гангийн улмаас бусад түүхэн олдворууд ч ил гарч эхэлжээ. Европын зарим гол мөрний усны түвшин маш ихээр буурснаар олон жилийн турш усан дор байсан эртний яс, зуу гаруй жилийн настай усан онгоцны үлдэгдэл зэрэг зүйлс ил болсон байна.
Унгарт мөн адил Дунай мөрний ус татарснаар Дэлхийн II дайны үеийнх байж болзошгүй хэд хэдэн бөмбөг илэрсэн талаар орон нутгийн албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Тус улсад агаарын температур ойрын үед 40 хэм хүрэх төлөвтэй байгаа аж. Унгарын цаг уурын алба Будапешт хотод температур гурван өдөр дараалан 40 хэмд хүрч болзошгүй гэж мэдээлсэн байна. Энэ нь хотын түүхэнд өмнө нь ердөө нэг удаа тохиолдож байжээ.
Унгарын атомын цахилгаан станцын асуудал
Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр мягмар гарагт тус улсын Пакшийн атомын цахилгаан станцын хөргөлтийн системийг өөрчлөх шаардлагатай болж магадгүй гэж мэдэгджээ.
Учир нь, тус станц реактор болон бусад чухал тоног төхөөрөмжөө хөргөхдөө Дунай мөрний усыг ашигладаг бөгөөд голын усны түвшин буурч буй нь эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа аж.
Эх сурвалж: CNN