ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн шөнө Украины боомтууд дахь цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж байсан хэд хэдэн хөлөг онгоцод цохилт өгсөн байна.

Оросын талын мэдээллээр, Хар тэнгист Одессын өмнөд хэсэгт байсан хоёр хуурай ачааны хөлөг онгоц, Николаев боомт дахь нэг хөлөг, мөн Южный боомтод Украины Зэвсэгт хүчинд зориулсан бүтээгдэхүүн буулгаж байсан өөр нэг хөлөг онгоц цохилтод өртжээ.

Түүнчлэн Оросын зэвсэгт хүчин Украины талын ашиглаж байсан гэж мэдэгдсэн Хар тэнгисийн автомашины агрегатын үйлдвэр болон цэргийн техник засварлах, сум хэрэгсэл, шатах тослох материал хадгалдаг терминалыг мөн онилсон гэж мэдээлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, ажиллагаанд өндөр нарийвчлалтай газрын суурьт зэвсэг болон нисгэгчгүй төхөөрөмжүүд ашиглажээ.

Оросын тал уг цохилт зөвхөн Украины цэргийн объект, батлан хамгаалах үйлдвэрлэлийн байгууламжид чиглэсэн гэж тайлбарлаж, цэргийн зориулалттай байг устгах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна. 

Украины тал болон хараат бус эх сурвалжууд уг мэдээлэлтэй холбоотойгоор одоогийн байдлаар ямар нэгэн дэлгэрэнгүй тайлбар, баталгаажуулалт хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI