АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй шинэ хэлэлцээг тус улс цөмийн асуудлаар тохиролцоонд хүрч, АНУ-ын цохилтыг улам өргөжүүлэхээс зайлсхийх “сүүлчийн боломж” хэмээн мэдэгдэв.
Трамп даваа гарагт Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Вашингтон, Тегераны хоорондын шинэ хэлэлцээ нь Ираны хувьд чухал эргэлтийн цэг болохыг онцолсон байна.
Түүний хэлснээр, хэлэлцээний эхний үе шатанд Ормузын хоолойг дахин нээж, усан замын аюулгүй байдлыг хангах, дараагийн шатанд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар ярилцах аж.
Трамп “Эхний үе шат нь хоолойг нээх асуудал. Хоёр дахь үе шат нь цөмийн зэвсгээс татгалзах явдал байх болно. Энэ нь тодорхой хугацаа шаардана” гэж мэдэгдсэн байна.
АНУ цохилтыг түр азнасан шалтгаан
Трамп өмнө нь Ираны удирдлагын бүтэц, цэргийн чадавхыг ихээхэн сулруулсан АНУ-ын ажиллагааг онцолж байсан ч энэ удаа шинэ томоохон цохилт өгөх төлөвлөгөөгөө түр зогсоожээ.
Тэрбээр ням гарагт "Ираны эсрэг “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том цохилт” болно гэж тодорхойлсон ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч Персийн булангийн холбоотнуудын хүсэлтээр цуцалсан" гэж мэдэгдсэн байна.
Тухайлбал, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын удирдагчид мөргөлдөөнийг улам хурцатгах нь дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд ноцтой нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ.
Мөн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Трамптай утсаар ярьж, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Трамп: Иранд дахин нэг боломж өгч байна
АНУ-ын Ерөнхийлөгч Ираны эсрэг хатуу байр сууриа хадгалж байгаа ч дипломат гарцыг бүрэн хаагаагүйгээ илэрхийлжээ. Трамп “Энэ бол тэдэнд сайн баримт бичигт гарын үсэг зурах сүүлчийн боломж” гэж хэлсэн байна.
Тэрбээр Ираныг “туйлын хоёр нүүртэй” хэмээн шүүмжилж, Тегеран Оман улстай хийж буй уулзалтаа зөвхөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх аюулгүй замын асуудалд чиглэсэн гэж мэдэгдсэнд дургүйцлээ илэрхийлжээ.
Трамп “Иран хүлээн зөвшөөрөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид үнэндээ тэднийг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх талаар ярилцаж байна” гэж мэдэгдсэн байна.
Трампын эргэлзээ: Цэргийн хүч дангаараа хангалттай юу?
Трамп Ираны эсрэг томоохон цохилт өгөхөөр сүрдүүлсэн ч сүүлийн саруудад хэд хэдэн удаа шийдвэрээ өөрчилж, дипломат замыг сонгож буй. Тухайлбал, дөрөвдүгээр сарын эхээр Трампын өгсөн хугацаа дуусахаас хоёрхон цагийн өмнө АНУ, Иран хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн.
Тавдугаар сарын 18-нд Трамп томоохон цэргийн ажиллагааг түр зогсоож, “ноцтой хэлэлцээ эхэлсэн” гэж мэдэгдсэн. Зургадугаар сард Ираны эрчим хүчний гол байгууламжууд руу цохилт өгөхөөр сүрдүүлсэн ч дахин хэлэлцээний улмаас цохилтоо цуцалсан.
АНУ-ын зарим улс төрчид Трампын энэ байр суурийг тогтворгүй, эргэлзээтэй бодлого гэж шүүмжилж байна. Аризона мужийн сенатор Марк Келли “Бидний харж буй зүйл бол нэлээд тогтворгүй хандлага. Тэр хоёрдугаар сарын өмнөх нөхцөл байдал руу буцахыг оролдож байгаа мэт харагдаж байна” гэжээ.
АНУ-ын дотоодод Ираны дайныг дэмжих дэмжлэг буурч байна
Ирантай үргэлжилж буй мөргөлдөөн АНУ-ын дотоод улс төрд ч нөлөөлж эхэлжээ. Сүүлийн санал асуулгаар Америкийн насанд хүрэгчдийн ойролцоогоор гуравны хоёр нь Ирантай хийж буй дайн үр дүнтэй биш гэж үзсэн байна.
Энэ байр суурийг Ардчилсан намынхан болон бие даагчдын дийлэнх нь илэрхийлсэн бол Бүгд найрамдах намынхны 37 орчим хувь нь мөн адил үзжээ.
Бүгд найрамдах намын сенатор Жон Кеннеди "АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагааг улам өргөжүүлэхээс илүүтэй хориг арга хэмжээ, цөмийн хөтөлбөрийн хяналтад төвлөрөх нь зөв" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Бүх сонголт хэцүү. Гэхдээ одоогийн байдлаар нөхцөл байдлыг хэвээр хадгалах нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY