Японы Хёго мужийн Химэжи хотын нэгэн компанийн 32 настай ажилтан Кэнта Имото гэгчийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан, 12 настай, дунд сургуулийн охины зургийг хуурамчаар нүцгэн дүрслэл болгон өөрчилж, олон нийтийн цахим хуудаст тараасан хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Цагдаагийн мэдээлснээр, түүнд Хүүхдийн биеийг үнэлүүлэх, хүүхдийн порнографыг хориглох тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны үеэр Имото нь энэ оны хоёрдугаар сард нийгмийн сүлжээгээр танилцсан 17 настай хүүгийн хүсэлтээр спортын наадам, хөнгөн атлетикийн тэмцээний үеэр авсан 12 настай охины зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бэлгийн агуулгатай хуурамч зураг болгон өөрчилсөн нь тогтоогджээ. Дараа нь уг зургуудыг 1000 гаруй гишүүнтэй цахим хуудаст нийтэлж тараасан байна.
Мөн мөрдөн байцаалтын явцад тус хуудаст бага ангийн сурагчдаас эхлээд их сургуулийн насны эмэгтэй хөнгөн атлетикийн тамирчдын AI-гаар бүтээсэн хуурамч нүцгэн зураг олноор нийтлэгдсэн байсан нь тогтоогджээ.
Кэнта Имото хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн байцаагчдад "AI ашиглан зургуудыг өөрчилсний дараа хүмүүс баярлаж байгааг харах надад таатай санагддаг байсан" гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн түүнийг ижил аргаар 20 гаруй насны өөр гурван эмэгтэйн хуурамч садар самуун зураг бүтээн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байж болзошгүй хэрэгт мөн сэжиглэн шалгаж байгаа аж.
Харин уг зургуудыг бүтээхийг хүссэн Кагошима мужийн Тарүмизү хотын 17 настай хүүг баривчлалгүйгээр, холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхээр Японы цагдаагийн байгууллага ажиллаж буй юм байна.
Энэ хэрэг хиймэл оюун ухааны технологийг ашиглан deepfake буюу бодит хүний дүр төрхийг хуурамчаар бэлгийн агуулгатай зураг, дүрс болгон хувиргах гэмт хэрэг нэмэгдэж буйг харуулсан ноцтой тохиолдлын нэг болсон байна.
Эх сурвалж: JAPAN TODAY