БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шэнь Миньжуань үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, эх орондоо буцсан бөгөөд шинэ Элчин сайд томилогдох хүртэл Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли хариуцаж байна.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан БНХАУ-аас Монгол Улсад нийлүүлж буй онгоцны түлшний талаар мэдээлэхдээ, эхний ээлжийн 1000 тонн ТС-1 онгоцны түлшийг өнгөрсөн ням гарагт Замын-Үүд боомтоор Монгол Улсад тээвэрлэн оруулж ирсэн болохыг онцлов.
Цао Ли "Цаашид илүү их хэмжээний түлшийг үе шаттайгаар нийлүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсын онгоцны түлшний хангамжийг тогтворжуулахад бодит дэмжлэг болно" хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн үед бүс нутгийн нийлүүлэлтийн хүндрэл, ложистикийн саатлын улмаас онгоцны түлшний нийлүүлэлтэд эрсдэл үүсээд буй. Ийм нөхцөлд БНХАУ-аас эхлүүлсэн нийлүүлэлт нь Монголын иргэний нисэхийн салбарын түлшний нөөцийг нэмэгдүүлж, олон улсын болон орон нутгийн нислэгийн хэвийн ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ үндсэндээ импортоор хангадаг бөгөөд онгоцны ТС-1 түлш ч мөн импортод тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-аас авах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж байгаа юм.
Түр хамаарагч Цао Ли шинээр орж ирсэн 1000 тонн түлш зөвхөн нэг удаагийн нийлүүлэлт биш бөгөөд цаашид дараагийн ээлжийн ачилтууд үргэлжлэхээр төлөвлөгдсөн талаар онцолсон нь Монголын агаарын тээврийн салбарын түлшний нийлүүлэлт илүү тогтвортой болох хүлээлт бий болгож байна.