Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай болон түүнтэй холбоотой нэр бүхий хүмүүсийн хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, улмаар их хэмжээний мөнгөний урсгалтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Т.Даваадалай нь төрсөн дүү Т.Мөнхдалай, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд болон нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлагуудтай хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Тэднийг “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт өөрчлөлт оруулсан эсэх, цаашдын ажил гүйцэтгэх боломжийг тодорхой этгээдэд давуу байдал олгосон эсэх зэрэг асуудалд холбогдуулан шалгасан байна.
АТГ-ын мэдээлэлд дурдсанаар Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хууль бус давуу байдал бий болгосныхоо төлөө 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 27-ны хооронд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэж үзэн шалгажээ.
Мөн уг мөнгө нь гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, улмаар мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлыг хамтатган шалгасан байна.
Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай нийслэлийн “Метро” төслийн удирдлагаар ажиллаж байсан бөгөөд түүнийг мөнгө угаах шинжтэй үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьсон талаар мэдээлж байв.
Өмнөх мэдээллүүдэд Т.Даваадалайтай холбоотой шалгалтын хүрээнд нийт 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн шилжилт хөдөлгөөн анхаарал татсан талаар мэдээлсэн. Үүнд хамаарал бүхий этгээдүүдийн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжсан гүйлгээ багтсан гэж хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн байна.
АТГ мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүлснээр хэрэг дараагийн шат буюу прокурорын хяналт, улмаар шүүхэд шилжих эсэх асуудалд орж байна. Т.Даваадлайгийн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх эцэслэн тогтоох юм.