Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан, одоо Их Британид суугаа Украины Элчин сайд генерал Валерий Залужный Украины НАТО-д элсэх ирээдүйн талаар эргэлзсэн байр суурь илэрхийлж, үүний оронд шинээр бүрэлдэж буй батлан хамгаалахын эвслүүдэд нэгдэх нь илүү бодит гарц гэж үзэж байгаагаа хэлжээ.
Тэрбээр энэ мэдэгдлийг наймдугаар сарын 3-ны даваа гарагт Киев хотод болсон Украины Элчин сайд нарын нэгдсэн зөвлөгөөний үеэр хийсэн тухай Украины "Европейская правда" сонин мэдээлсэн байна.
НАТО-гийн гишүүнчлэлийн талаар
Зөвлөгөөний үеэр Украины евроатлантын интеграцийн асуудлыг хэлэлцэх үед Залужныйгаас Украин улс Нэгдсэн экспедицийн хүчин (Joint Expeditionary Force, JEF)-тэй хамтран ажиллах талаарх байр суурийг нь асуужээ. Энэхүү асуултад хариулахдаа тэрбээр Украины НАТО-д элсэх асуудлыг мөн хөндсөн байна.
«Би НАТО-г маш сайн мэднэ. Бараг 12 жилийн турш бид НАТО-гийн стандартыг нэвтрүүлэх ажлыг биечлэн хариуцаж ажилласан. Жил бүр “удахгүй, удахгүй НАТО-д элсэнэ” гэсэн амлалтыг сонсдог байсан. Гэвч харамсалтай нь бид хэзээ ч НАТО-д элсэхгүй" гэж Залужный мэдэгджээ.
НАТО-д элсэхэд саад болж буй хүчин зүйл
Тэр Украиныг НАТО-д элсэхэд саад болж буй гол шалтгааны талаар хэлэхдээ "Өнөөгийн Украины Зэвсэгт хүчний хөгжлийн түвшнээр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн үзэл баримтлалд тулгуурласан байгууллагад элсэх боломжгүй" гэжээ. Мөн тэрбээр НАТО ойрын жилүүдэд өөрийн дотоод бүтэц, зарчмыг үндсээр нь өөрчлөхгүй гэж үзэж байгаа аж.
Залужный "НАТО одоогийн хэвээрээ үлдэх магадлал өндөр. Харин Украин шаардлагатай стандартад хүрэхэд дахин 12 орчим жил шаардагдана. Тэр үед л бид ядаж Оросын армийн чадавхын тал түвшинд хүрч чадна" гэж хэлжээ.
Украинд НАТО-гийн технологи хэрэгтэй хэвээр
Гэвч Залужный НАТО-гийн орнуудын эзэмшиж буй зарим дэвшилтэт технологи Украинд зайлшгүй хэрэгтэй хэвээр байгааг онцолсон байна. Ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн технологийг дурджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь АНУ-ын "Patriot" пуужингийн цогцолборын пуужингийн нөөц дутагдалтай байгаа нь Оросын пуужингийн довтолгоог няцаахад хүндрэл учруулж буй талаар мэдэгдсэн билээ.
Өөр хамгаалалтын эвслүүдэд нэгдэх санал
Залужный Украины аюулгүй байдлыг хангах өөр нэг боломжийг шинээр байгуулагдаж буй батлан хамгаалахын эвслүүдэд нэгдэх явдал гэж үзэж байгаа аж. Тэр "Украин цаашид байгуулагдах цэрэг, аюулгүй байдлын эвсэл, холбоодтой нягт хамтран ажиллах болно. Магадгүй Европын цэрэг, аюулгүй байдлын шинэ блок бүрэлдэх байх" гэж хэлжээ.
JEF гэж юу вэ?
Нэгдсэн экспедицийн хүчин (Joint Expeditionary Force, JEF) нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Их Британи удирддаг. Тус эвсэлд Их Британи, Дани, Финланд, Эстони, Исланд, Латви, Литва, Нидерланд, Швед Норвеги гэсэн нийт 10 улс багтдаг. Энэхүү эвслийн зорилго нь Хойд Европ, Балтын тэнгис болон Арктикийн бүсийн аюулгүй байдлыг хангах аж.
2025 оны арванхоёрдугаар сард Украин JEF-ийн өргөтгөсөн түнш улсын статустай болсон. Түүнчлэн JEF нь НАТО-тай хамтран Оросыг тэнгисийн чиглэлд тогтоон барих ажиллагаанд оролцдог бөгөөд Оросын "сүүдрийн флот"-ын эсрэг хатуу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
Залужный JEF-д бүрэн элсэхийг дэмжив
Залужный Украин JEF-д бүрэн эрхтэйгээр элсэх чиглэлд хангалттай ажиллахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Гэвч тэрбээр JEF-ийн удирдлагын бүтэц одоогийн байдлаар хангалттай боловсронгуй биш байгааг тэмдэглээд, "Тус эвслийн удирдлагын байгууллагууд одоогоор сул, бидний хэрэгцээнд бүрэн нийцэх түвшинд хараахан хүрээгүй байна" гэжээ.
Мөн "Украинская правда" сонинд тэмдэглэснээр, JEF-ийн одоогийн зохион байгуулалтын бүтэц нь НАТО-гийн адил гишүүн орнуудыг хамтын хамгаалалтын үүргээр заавал хамгаалах эрх зүйн баталгаа одоогоор агуулаагүй байна.
Эх сурвалж: DW