Оросын цэргүүд наймдугаар сарын 3-ны даваа гаргийн өглөө Украины хэд хэдэн бүс нутагт дахин өргөн хүрээг хамарсан довтолгоо хийсэн байна. Днепропетровск мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа Telegram хуудсаараа "Мужийн шатахуун түгээх станц (ШТС) цохилтод өртсөний улмаас гурван хүн амиа алдсаны дотор 8 настай хүүхэд байсан гэж мэдээлжээ.

Мөн зургаан хүн шархадсан байна. Цохилтын дараа гал гарч, ШТС болон ойролцоох автомашинууд эвдэрч гэмтжээ.

Запорожье мужийн захиргааны тэргүүн Иван Фёдоров "Запорожье хотод мөн өглөө Оросын цэргийн довтолгооны улмаас ШТС өртөж, гурван хүн шархадсан" гэж мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, Оросын нисгэгчгүй төхөөрөмж (дрон) хотын нэгэн ШТС-ыг оножээ.

Ойролцоо байсан энгийн иргэд болох эмэгтэйчүүд дэлбэрэлтийн улмаас гэмтсэн байна. Мөн дрон цахилгаан дамжуулах шугамыг гэмтээсний улмаас Запорожье хотын 45 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.

Оросын цэргүүд Одесса мужийн тээврийн дэд бүтцэд мөн цохилт өгсөн байна. Одесса мужийн захиргааны дарга Олег Киперийн мэдээлснээр, нэгэн объектод гал гарч, урьдчилсан мэдээллээр зургаан хүн шархадсан бөгөөд гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Харьков хотод Оросын цохилтын улмаас сая сая ном устжээ

Оросын цохилтын улмаас Харьков хотод хэвлэлийн “Ранок” корпорацийн номын агуулах болон “Книголенд” номын дэлгүүрийн сүлжээний түгээлтийн төвд гал гарчээ. Галын улмаас сая сая ном шатсан гэж “РБК-Украина” агентлаг мэдээлсэн байна.

“Ранок” корпорацийн хяналтын зөвлөлийн дарга Виктор Кругловын мэдээлснээр, 600 мянган сурах бичиг, 8 сая ширхэг ном устсан байна. Тэрбээр учирсан хохирлыг ойролцоогоор 1 тэрбум гривен (19.5 сая евро орчим) гэж үнэлжээ.

Кругловын үзэж байгаагаар, энэ нь Украины сурах бичиг болон үндэсний номын үйлдвэрлэлийг зориудаар устгах зорилготой үйл ажиллагаа байсан аж.

Орос улс Украинд нэг шөнийн дотор 181 дроноор цохилт өгчээ

Украины Агаарын цэргийн хүчний өглөөний мэдээллээр, Оросын арми наймдугаар сарын 3-ны шөнө Украинд нийт 181 нисгэгчгүй төхөөрөмжөөр цохилт өгсөн байна. Ашигласан төхөөрөмжүүдийн дунд “Shahed”, “Гербера”, “Италмас” төрлийн дронууд, “Пародия” нэртэй дуураймал дронууд байсан гэж мэдээлжээ.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 163 дроныг устгасан гэж мэдэгдсэн байна. Харин 14 байлдааны дрон 13 байршилд онож, устгасан дронуудын үлдэгдэл хоёр газарт унасан гэж Украины тал мэдээлжээ.

Мөн наймдугаар сарын 3-нд Оросын дроны довтолгоо үргэлжилж, Украины Днепропетровск, Николаев, Харьков, Киев мужууд дахин халдлагад өртсөн байна.

Эх сурвалж: DW