Авто зам ашигласны төлбөр наймдугаар сарын 1-нээс 2-5 дахин нэмэгдсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Бид энэ удаа тус мэдээллийг "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. 

Тасс агентлаг "Монгол Улсад Орос, Хятадыг холбосон олон улсын авто зам болон аймаг хоорондын улсын чанартай замаар зорчих төлбөр 2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн 2-5 дахин нэмэгджээ. Энэ талаар Монголын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 2-5 дахин нэмэгдүүлсэн байна.

Энэхүү өөрчлөлт нь ОХУ-ын хил дээрх Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотоор дамжин БНХАУ-ын хил дээрх Замын-Үүд боомт хүртэлх олон улсын хатуу хучилттай бүх авто замд хамаарна.

Шинэ тарифаар:

12 хүртэлх хүний суудалтай суудлын автомашин – 5000 төгрөг,
12-24 хүний суудалтай автобус – 8000 төгрөг,
24-өөс дээш хүний суудалтай автобус – 12000 төгрөгийн төлбөр төлнө.

Ачааны автомашины хувьд даацын хэмжээнээс хамаарч 10,000-20,000 төгрөгийн төлбөртэй болжээ.

Мэдээллийн дагуу 2026 оны эхний хагасын байдлаар Монголд ирсэн гадаадын жуулчдын дийлэнхийг Оросын иргэд эзэлж буй. Тэд Монгол орноор хувийн автомашин болон автобусаар гэр бүл, олноороо аялах сонирхолтой байдаг. Мөн хил орчмын бүс нутгаар загасчлах, ан хийх, буддын шашны мөргөлийн аялалд оролцох нь түгээмэл юм.

Монголын аялал жуулчлалын компаниуд Хятад-Монгол-Оросыг холбосон, албан ёсоор батлагдсан “Цайны зам” соёл, түүхийн аяллын маршрутыг хөгжүүлэхэд ихээхэн найдлага тавьж байгаа аж.

Уг маршрутын Монгол дахь хэсгийг 2026 оны зургадугаар сард ОХУ-ын Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев тэргүүтэй төлөөлөгчид авто ралли хэлбэрээр туршжээ" хэмээн мэдээлсэн байна. 

Эх сурвалж: TASS