Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, улсын нөөцийн бүрдүүлэлт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2026.08.03/ мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийн үеэр Улаанбаатар хотод шатахуун олголтыг тодорхой хугацаанд зохицуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв.
Г.Дамдинням сайд “Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрөөр шатахуун олгоно. Мөн нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлаж, саванд шатахуун олгохгүй.
Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн иргэдэд боломж олгох, нийт иргэдийг шатахуун түгээх станцууд дээр удаан хугацаагаар дараалалд зогсохоос сэргийлэх, хүн бүрт тэгш боломж бүрдүүлэх зорилготой. Дэлхийн бусад улс орнууд ч ийм нөхцөлд ижил төрлийн зохицуулалт хийдэг” гэв.
Энэхүү зохицуулалтыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэх бөгөөд энэ ажилд Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах юм байна.
Шуурхай штаб байгуулан ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг тогтмол мэдээллээр хангах, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь авч хэрэгжүүлэх үүрэг бүхий шуурхай штабыг байгуулжээ.
Тус штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд:
Гадаад харилцааны яам,
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Зам, тээврийн яам,
Цагдаагийн ерөнхий газар,
Монополын эсрэг газар,
Татварын ерөнхий газар,
Ашигт малтмал, газрын тосны газар,
Тагнуулын ерөнхий газар,
Онцгой байдлын ерөнхий газар,
Гаалийн ерөнхий газар,
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,
газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байгаа юм.
Монгол Улс шатахууныхаа 95-97 хувийг ОХУ-аас импортолдог
Сайд Г.Дамдинням Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас импортолж, үлдсэн хэсгийг БНХАУ зэрэг бусад эх үүсвэрээс авдаг болохыг мэдээлэв.
Тэрбээр “Сүүлийн хэдэн жил ОХУ, Украин улсын хооронд дайны нөхцөл байдал үргэлжилж байгаа ч Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, найрсаг хөршийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж ирсэн.
Гэвч энэ оны эхнээс дэлхийн нефтийн нийлүүлэлтэд томоохон өөрчлөлт гарлаа. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал гарц болох Ормузын хоолойн бүсэд АНУ, Ираны хооронд үүссэн нөхцөл байдал нь дэлхийд урьд өмнө байгаагүй эрчим хүчний хямрал үүсгэж байна. Үүнийг дэлхийн бүх улс орон мэдэрч байна” хэмээн тайлбарлав.
Тухайлбал, БНЭУ газрын тосны хэрэглээнийхээ 85 хувийг импортоор авдаг бөгөөд үүний 60 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин орж ирдэг байна. Харин БНХАУ импортын газрын тосныхоо 40 хувийг тус бүс нутгийн тээврээс хамаардаг аж.
Тэрбээр “Зүүн Азийн бүх улс орон энэ хямралыг даван туулж байна” гэж онцоллоо.
ОХУ-ын мужуудын 90 хувьд шатахууны хомсдол үүссэн
АҮЭБ-ийн сайдын мэдээлснээр 2026 оны зургаа, долдугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужийн 90 орчим хувьд шатахууны хомсдол үүсээд байгаа аж. Мөн тус улсын 78 мужид шатахууны олголтыг 30 литрээс хэтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоогоод байгаа талаар мэдээлэв.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монгол Улс нийтдээ 2 сая 941 мянган тонн буюу ойролцоогоор 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Харин 2026 оны долдугаар сарын байдлаар нийт 1 сая 783 мянган тонн шатахуун хэрэглэжээ.
Хэрэглээний бүтцээр авч үзвэл 30 хувь нь АИ-92 автобензин, 63.5 хувь нь дизель түлш байгаа аж.
Одоогийн байдлаар импортын зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж, бөөний худалдааны зөвшөөрөлтэй 195 аж ахуйн нэгж, жижиглэнгийн худалдааны зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэвч бодит нийлүүлэлт хийж чаддаг аж ахуйн нэгжийн тоо 20 хүрэхгүй байгааг сайд онцоллоо.
Монгол Улс нэг сарын хэрэглээтэй тэнцэх нөөц хадгалах хүчин чадалтай
Мөн тэрбээр “Нефтийн бүтээгдэхүүн бол хүссэн үедээ элбэг олддог бүтээгдэхүүн биш. Бид үнэгүй биш, төлбөрөө төлж авч байна. Монгол Улсын нийт хэрэглээний 80 орчим хувийг төвийн болон говийн бүс хэрэглэдэг.
Үүнд
Төвийн бүс – 40 хувь,
Говийн бүс – 43 хувь,
Баруун бүс – 8 хувь,
Зүүн бүс – 5 хувь,
Хангайн бүс – 2 хувь,
Хойд бүс – 2 хувийг тус тус эзэлдэг” гэв.
Монгол Улс одоогийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний ойролцоогоор нэг сарын хэрэглээтэй тэнцэх нөөц хадгалах хүчин чадалтай байгаа аж. 2026 оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 40 хоногийн нөөцтэй байсан бол импортын хэмжээ буурсан байна. Тухайлбал импорт 17 хувиар буурсан, долдугаар сард импортын бууралт 40 хувьд хүрсэн байна.
Салбарын сайд “Бид нийлүүлэгч талын өгнө гэсэн бүх хэмжээгээр нь авч, нөөцөө бүрдүүлэхийг зорьдог. Гэвч манай агуулах, савны багтаамж хязгаарлагдмал байдаг” гэж тайлбарлав.
БНСУ-аас шатахуун авах хэлэлцээр хийжээ
Монгол Улс шатахууны эх үүсвэрээ төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-аас нэмэлт нийлүүлэлт хийх боломжийг судалж байгаа талаар сайд мэдээлэв.
Тэрбээр “БНХАУ бол дэлхийн томоохон газрын тос олборлогч, хэрэглэгч орон. Дотоодын хэрэглээ өндөр учраас их хэмжээгээр экспортолдоггүй. Тиймээс бид дэлхийн боломжит бүх улс оронтой яриа хэлэлцээ хийж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын хүрээнд шатахууны нийлүүлэлтийн асуудлаар санал тавьж, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны нөөцийн сайдтай долдугаар сарын 10-нд уулзалт хийсэн байна. Үүний дараа Монголын тал БНСУ-д ажиллаж, хэлэлцээг үргэлжлүүлэн тохиролцоонд хүрчээ.
Тохиролцооны хүрээнд сар бүр 5-10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн хүртэл АИ-92 автобензин,
20 мянган тонн хүртэл дизель түлш авахаар болсон бөгөөд эхний нийлүүлэлт наймдугаар сарын сүүлээр орж ирэхээр төлөвлөж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Монгол Улсын нөөцөд бүртгэгдэх юм.
“Манай улсын сарын дээд хэрэглээ АИ-92 автобензиний хувьд 70 мянган тонн орчим байдаг. Одоогийн байдлаар 60 мянган тонн нийлүүлэх гэрээ баталгаажсан. Үүн дээр нэмээд 20 мянган тонн нийлүүлэлт орж ирвэл наймдугаар сарын сүүлээр шатахууны тасалдалгүй байх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ
Монгол Улс газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор 16 хайгуулын талбайг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад зарласан байна.
Сайд Г.Дамдинням “Монгол Улс газрын тосны үйлдвэрээ бүрэн барьж, дотоодын олборлолтоор үйлдвэрээ хангадаг болох хүртэл энэ төрлийн эрсдэлээс бүрэн гарах боломжгүй. Тиймээс бид бусад эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна” гэв.
Мөн шатахууны асуудлаарх ажлын хэсэг АҮЭБЯ дээр 24 цагаар ажиллаж, өдөр бүр өглөө нээлттэй мэдээлэл өгөхөөр ажиллаж байгааг мэдэгдлээ.