Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб өнөөдөр (2026.08.03) хуралдаж, улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт, нөөцийн зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэн, олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ.
Албаны мэдээллээр, Монгол Улсын АИ-92 автобензиний сарын дундаж хэрэглээ оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын хэрэгцээг хангах зорилгоор шатахууны импортын захиалгуудыг урьдчилан баталгаажуулжээ.
Засгийн газар ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянган тонн, бусад нийлүүлэгчдээс 10 мянган тонн, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэх захиалга баталгаажсан байна.
Үүнээс гадна БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин импортлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь зах зээлийн эрсдэлийг бууруулах, улсын шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой гэж мэдээлсэн.
Нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр ажиллаж байна
Засгийн газар шатахууны импорт, гаалийн бүрдүүлэлт, төмөр зам болон авто тээвэр, агуулах, түгээлтийн бүх шатанд зохицуулалт хийж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг 24 цагаар зохион байгуулан ажиллаж байгааг онцоллоо.
Мөн шатахууны орлого, нөөц, түгээлтийн талаарх мэдээллийг иргэдэд тогтмол, ил тод хүргэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Эрчим хүчний яам: Хомсдол үүсгэхгүй байх зорилт тавьжээ
Албаныхны мэдээлснээр, сүүлийн жилүүдэд шатахууны нийлүүлэлт нэг улсаас өндөр хамааралтай байснаас үүдэн нийлүүлэлтийн эрсдэл үүсэх тохиолдол гарч байсан. Иймээс энэ удаад ОХУ-аас гадна БНСУ, БНХАУ зэрэг өөр эх үүсвэрээс шатахуун авах бодлогыг хэрэгжүүлж байгаа нь нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чухал алхам гэж үзэж байна.
Шуурхай штаб цаашид зах зээлийн нөхцөл байдалд өдөр бүр хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд нэмэлт импорт, нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авах юм.
Засгийн газраас иргэдийг албан ёсны мэдээлэлд тулгуурлан, шатахууныг хэт ихээр нөөцлөхгүй, тайван, хүлээцтэй хандахыг уриалж, улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр бүх талын арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.