Дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны үнэ огцом унав. Хөрөнгө оруулагчид Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал намжиж магадгүй гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор газрын тосны ханш ийн огцом буурчээ.

Арилжааны мэдээллээр, Лондонгийн ICE биржид Brent төрлийн аравдугаар сарын фьючерсийн үнэ өмнөх хаалтаас 8.28 хувиар буурч, нэг баррель нь 82.66 ам.доллар болсон байна. Харин АНУ-ын жишиг WTI төрлийн есдүгээр сарын фьючерс 5.85 хувиар буурч, нэг баррель нь 79.72 ам.долларт хүрчээ.

Үнэ яагаад огцом буурав?

Зах зээлд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Ираны төлөөлөгчид ойрын хугацаанд хэлэлцээ хийхээр төлөвлөж буй талаар мэдэгдсэн явдал байв. Тэрбээр талууд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал гарцуудын нэг болох Ормузын хоолойн аюулгүй ажиллагаа болон бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх  мэдэгджээ.

Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв АНУ, Ираны харилцаанд ахиц гарч, Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх эрсдэл буурвал дэлхийн нийлүүлэлт тогтвортой болж, өмнө нь геополитикийн эрсдэлээс үүдэн өссөн нефтийн үнэ буурах хандлагатай байдаг.

OPEC+ мөн үнэд нөлөөлөв

Газрын тосны үнэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь OPEC+ бүлэг есдүгээр сараас эхлэн олборлолтоо өдөрт ойролцоогоор 188 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан явдал юм. Энэ нь зах зээлд нийлүүлэх газрын тосны хэмжээ өснө гэсэн хүлээлт бий болгож, үнийн дарамтыг улам нэмэгдүүлжээ.

Цаашдын төлөв

Шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны зах зээл ойрын үед АНУ-Ираны хэлэлцээний үр дүн, Ормузын хоолойн аюулгүй байдал болон Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах төлөвтэй байгаа аж.

Хэрэв дипломат яриа хэлэлцээ амжилттай үргэлжилвэл нефтийн үнэ тогтворжих, эсвэл цаашид буурах боломжтой юм. Харин хэлэлцээ бүтэлгүйтэж, бүс нутгийн хурцадмал байдал дахин нэмэгдвэл нефтийн үнэ эргэн өсөх эрсдэл хэвээр байгааг шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: REUTERS, RIA NOVOSTI