ОХУ-ын Гадаад хэргийн сайд, "Нэгдсэн Орос" намын сонгуулийн жагсаалтыг тэргүүлэгч Сергей Лавров ТАСС агентлагийн ерөнхий захирал Андрей Кондрашовд ярилцлага өгчээ. Тэрбээр сонгуулийн өмнөх "тавтын" жагсаалтад багтсан нь түүнд ямар утга учиртай болох, хамтын Өрнөдийн хоёр нүүрт бодлого болон Оросыг задлан бутаргах гэсэн тэдний төлөвлөгөөний талаар, мөн өөрийн бага нас, ажил дээрээ хараалын үг хэрэглэдэг эсэх тухайгаа ярьсан байна.
Сонгуулийн “тавтын” тухай
-Сергей Викторович, манай иргэдэд таныг танилцуулах шаардлага ерөөсөө байхгүй болов уу. Гэхдээ би таныг юугаар гайхашруулж болохоо мэдэж байна. Энэ бол таны сингал хэлний мэдлэг. Сингал хэлээр мэндчилнэ үү.
-(Сингал хэлээр мэндчилэв.)
-Та “Нэгдсэн Орос” намын холбооны сонгуулийн жагсаалтын “тавтын” бүрэлдэхүүнд хоёр дахь удаагаа багтлаа. Энэ нь таны хувьд юу гэсэн үг вэ? Мэдээж хэрэг, энэ бол хамтын ажиллагааны үр дүн. Хэн нэгэн ганцаараа хариуцдаг байх. Та магадгүй яг хэн гэдгийг мэдэж байгаа байх. Энэ нь танд итгэл хүлээлгэсэн хэрэг үү, үнэлгээ юу, нэмэлт ачаалал уу? Эсвэл шагнал уу?
-Итгэл гэдэг нь гарцаагүй мөн. Энд нуршуу тайлбар хийх шаардлагагүй болов уу. Гэхдээ миний хувьд хамгийн гол зүйл бол удирдлагаас намайг энэ “тавтын” бүрэлдэхүүнд оруулахыг санал болгосон шийдвэр юм. Энэ шийдвэрийг дараа нь “Нэгдсэн Орос” намын их хурлаар дэмжсэн. Би парламентын бүх намын удирдагчидтай ямар ч ялгаагүйгээр сайн харилцаатай байдаг.
Төрийн Думд төлөөлөлтэй бүх фракц, намуудтай харилцаатай байхын хувьд бид мэдээж тэднийг шийдвэр гаргахад туслаасай, манай гадаад бодлогын чиглэлийг баталгаажуулсан хуулиудыг дэмжээсэй гэж сонирхож байна. Ингэснээр энэ бодлого аль болох үр дүнтэй байж, өргөн хүрээний дэмжлэг дээр тулгуурлах юм.
Миний энэ “тавтын” бүрэлдэхүүнд орсон явдал нь мөн өнөөдөр манай улс маш хүнд, ээдрээтэй үеийг туулж байгаатай холбоотой. Энэ нөхцөл байдал Оросын эсрэг дайн эхлүүлсэн хүмүүсийн эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагааг бид хэрхэн хэрэгжүүлж байгаагаас ихээхэн шалтгаалж байна.
Би фронтын шугам дээр байгаа манай дайчдыг ч, мөн ар талд байгаа бүх хүмүүсийг бүх утгаар нь хэлж байна. Нөгөө талаас мэдээж гадаад бодлого, дипломат ажиллагаа ч бас маш чухал дагалдах үүрэг гүйцэтгэх ёстой. Учир нь, манай барууны бүх түншүүд ерөнхийдөө биднийг “хуурах” гэж оролдож байна. Нэг зүйл амлаад, өөр зүйл хийдэг.
Гэхдээ бид үүнд хэдийнэ дассан. Дасах ёстой байсан байх. Гэсэн ч орос хүний сэтгэлийн онцлогоор бид үргэлж сайн зүйлд итгэхийг хүсдэг. Гэхдээ тэвчээр гэдэг зүйл нэг өдөр дуусдаг. Тиймээс ч цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгэн арга хэмжээний үеэр Өрнөд, Европтой харилцах харилцааны талаар дүгнэхдээ “2022 оны хоёрдугаар сараас өмнөх шиг байдал дахиж хэзээ ч байхгүй” гэж хэлсэн.
Өрнөд ба дэлхийн шинэ нөхцөл байдлын тухай
-Өрнөд зүгээр л ухаанаа алдсан мэт байна. Олон арван жил үйлчилж ирсэн хуучин гэрээ хэлэлцээрүүдийг хэн ч дагах бодолгүй болжээ. Мэдээж бүх зүйл сүйрэл рүү явж байна. Бид үүнийг мэдэж, мэдэрч байна. Ийм нөхцөлд бид дэлхийд өөр хувилбар санал болгох боломжтой юу?
-Нэгдүгээрт, эхлээд бид өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах ёстой. Дэлхийд ямар нэг зүйл санал болгохын тулд бид ялалт байгуулах хэрэгтэй. Дэлхий нийт энэ Өрнөдийн бидэнд тулгасан дайн ямар үр дүнд хүрэхийг маш их анхааралтайгаар, зарим нь бүр амьсгаа даран ажиглаж байна. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргасан.
Энэ дэлхий дээр биднийг хүрээлж буй бүх хүн зарчимгүй гэсэн үг биш. Гэхдээ энэ бол амьдрал. Хүн бүр Сергей Бодровын үгийг, өөрөөр хэлбэл
“Хүч юунд байна, ах аа?”
“Хүч хаана байна, ах аа?” гэдгийг ойлгохыг хүсэж байна.
-Та зөв хэлж байна. Одоо тэд юу ч нуух, халхлах, гоёж харагдуулах гэж оролдохоо больсон гэж хэллээ.
-Тийм ээ, та үнэхээр зөв хэлж байна. Эхэндээ тэд Орост “стратегийн ялагдал” учруулах ёстой гэж ил тод зарласан. Дараа нь фронтын нөхцөл байдал, өөрөөр хэлбэл байлдааны шугам дээрх байдлыг ажиглаад, энэ хэллэгээсээ бага зэрэг ухарсан.
Оросын үндэсний чанарын тухай
-Та дэлхийд өөр хувилбар бүхий шинэ дэг журам санал болгохын өмнө бид эхлээд үндэсний ашиг сонирхлоо хангах ёстой, үүний тулд ялалт байгуулах хэрэгтэй гэж хэллээ. Гадаад талбар дахь бидний үндэсний ашиг сонирхол юунд оршдог вэ?
-Бид бие даасан улс, бие даасан иргэншил байхад оршино. Манай хил хязгаар найдвартай хамгаалагдсан байх ёстой. Орос дотор бид амьдралаа хэрхэн зохион байгуулах талаар хэн ч бидэнд заахыг оролдох, тийм зүйл бодох ч ёсгүй.
Мөн ОХУ-ын бүх ард түмэн Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ хадгалж үлдэх ёстой. Үүнд боловсрол эзэмших эрх, өөрсдийн соёл, уламжлал, шашны итгэл үнэмшлээ хадгалах эрх багтана. Ийм байр суурьтай Орос улс шинээр бүрэлдэж буй бусад томоохон төвүүдтэй эрх тэгш хамтран ажиллах сонирхолтой байх болно. Эдгээр нь Хятад, Энэтхэг юм.
Эдгээр томоохон тоглогчид мэдээж бидэнтэй хамт шударга ёсыг хамгаалах болно. Мөн Өрнөд, ялангуяа Европ хэзээ нэгэн цагт ухаарч, шинэ харилцааны тогтолцоонд эрх тэгш, шударгаар нэгдэхэд бэлэн болно гэж найдаж байна. Одоогийн байдлаар тэд үүнд бэлэн биш байна. АНУ ч мөн адил бэлэн биш байна.
Энэ хүлээлт сунжрах тусам шинэ хүчний төвүүд өөрсдийн сүлжээ, хамтын ажиллагааны бүтцүүдийг бий болгож байна. Үүний нэг нь БРИКС юм. Тэнд дэлхийн олонхийн тэргүүлэх эдийн засгууд нэгдэж, асуудлуудаа шийдэж байна.
Энэ нь НАТО-д байдаг шиг биш. НАТО-д Америк удирддаг бөгөөд бусад нь ямар нэг байдлаар тэр тэргүүлэх хүчийг таалахад оролддог. Мөн энэ нь Европын Холбоо ч биш. Учир нь, тэнд Брюсселийн бюрократ бүтэц үндэсний засгийн газруудын эрхийг булаан авсан.
БРИКС ч бай, ШХАБ ч бай, ЕАЭЗХ (Евразийн эдийн засгийн холбоо) ч бай, ТУХН ч бай, ХАБГБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) ч бай — хэн ч Орос, Хятад (ШХАБ болон БРИКС-ийн тухай ярьж байгаа үед) эсвэл өөр хэн нэгэн бусдаас ямар нэг зүйл хүчээр шаардаж байсан ганц ч жишээ гаргаж чадахгүй. Үргэлж илэн далангүй, харилцан хүндэтгэсэн, зөвшилцөлд хүрэх зорилготой хэлэлцээ хийдэг.
Хориг арга хэмжээ ба Оросын тэсвэрийн тухай
-35 мянган хориг арга хэмжээ. Магадгүй энэ нь хүн төрөлхтөн, улс орнуудын түүхэнд байгаагүй дээд хэмжээний үзүүлэлт байх. Бид хэрхэн тэсэж үлдэж байна вэ? Юуны хүчээр?
-Мэдээж хамгийн түрүүнд бидэнд ийм улс орныг бий болгож өгсөн өвөг дээдсийнхээ ачаар. Дэлхийн хамгийн баян, хамгийн том улс орны ачаар. Далай тэнгисүүдэд гарцтай улс учраас худалдааг хөгжүүлэх, аюулгүй байдлаа хангах боломжтой. Үүнд Тэнгисийн цэргийн хүч ч чухал үүрэгтэй.
Мэдээж Оросын эзэнт гүрний үед эхэлсэн аж үйлдвэржилт ч чухал. Өнөөдөр энэ талаар их ярьж байна. Бүх орныг холбосон төмөр замууд ч тэр үед тавигдсан. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн олон үндэс суурь ч тэр үед бий болсон.
Харин Зөвлөлтийн үед аж үйлдвэржилт асар хурдтай явагдсан. Аугаа Эх орны дайн эхлэхээс өмнөх ердөө арав гаруй жил буюу 10–15 жилийн хугацаанд асар их амжилтад хүрсэн. Энэ нь сүйрлээс зайлсхийхэд ихээхэн тус болсон. Гэхдээ манай үндэсний хамгийн гол чанар бол Өрнөдөд байдаггүй зүйл юм.
Манай иргэншлийн хувьд энэ нь түүнийг бүтээсэн, хот суурин байгуулсан, дайснуудыг ялсан хүмүүстээ хүндэтгэлтэй хандах явдал юм. Бидний түүхэнд А.М.Горчаковын үе ч байсан. Бид Крымын дайнд (өнөөдөр ярих шаардлагагүй шалтгаанаар) ялагдсаны дараа тэрээр “Орос уурладаггүй, Орос төвлөрдөг” гэж хэлж байсан.

Одоо ч бид уурлах хэрэггүй. Уурлаж, мэдрэлээ барж суух нь хамгийн муу зүйл. Бид төвлөрөх хэрэгтэй. Харин эрүүл уур хилэн бол хэрэгтэй зүйл. Уурлах биш, харин эрүүл тэмүүлэл, эрүүл хат суух хэрэгтэй. Энэ уур хилэн гэдэг нь бүх зүйлд хурдлах шаардлагатай гэсэн утгатай. Ялангуяа технологийн үсрэлт хийх чиглэлд. Энэ талаар одоо их ярьж байна.
Бид үүнийг заавал хийх ёстой гэж өөртөө хатуу шийдэх хэрэгтэй. Өөртөө уурлах хэрэгтэй: “Би бүх зүйлд илүү хурдан хүрэхийг хүсэж байна” гэж. Мөн гадаад талбарт ч ийм эрүүл тэмүүлэл хэрэгтэй. Ямар нэгэн хийрхэлд автахгүй, харин дотроо нэг л дүгнэлт хийх хэрэгтэй: “Зүгээр л шалгаж бай!”. Итгэх эсэхийг дараа нь харъя. Эхлээд шалга. Харин хамгийн гол нь өөрийн байр сууриа тууштай баримтал.
Хүүхэд нас, удам угсаа, сонирхлын тухай
-Сергей Викторович, та багадаа ямар хүүхэд байсан бэ? Та сая “эрүүл уур хилэн” гэж ярьсан. Та зодолддог хүүхэд байсан уу, эсвэл “дипломат арга” хэрэглэдэг байсан уу? Манайхан нэг зарчим мэддэг дээ “Хэрэв зодоон зайлшгүй болох нь тодорхой бол эхэлж цохь” гэж. Энэ хэний зарчим гэдгийг бид мэднэ. Харин таны зарчим ямар байсан бэ?
-Би үнэндээ тосгонд өссөн. Хот гэдэг ч хуучнаар Богородск гэж нэрлэдэг байсан Ногинск хотод өссөн. Одоо би Москва мужтай, өөрийн найз болох Москва мужийн захирагч А.Ю.Воробьевтой хамтран Богородск гэдэг хуучин нэрийг нь сэргээхээр идэвхтэй ажиллаж байна. Тэнд зарим газар нутгийн нэршил өөрчлөгдсөн байгаа ч хотын нэр одоогийн байдлаар Ногинск хэвээр байна.
Миний амьдарч байсан хэсэг бол жинхэнэ тосгон байсан. Төмөр замын буудлаас зүүн талд нь хот, харин баруун талд нь бүх тохижилт нь тосгоны маягийн, модон байшинтай хоёр эгнээ айлууд байлаа. Нуугүй хэлэхэд, Бид хүүхэд байхдаа галт тэрэг ирэхээр барааны вагон үлдсэн газруудаар гүйж очоод, юу авчирсныг нь хардаг байлаа. Хэрэв тарвас ирсэн байвал жаахан сахилгагүйтдэг байсан.
-Таны тухай бид их зүйлийг мэддэг. Гэхдээ таны эмээ, өвөөгийн талаар хэзээ ч асууж байгаагүй юм байна. Тэд ямар хүмүүс байсан бэ? Таны цусаар ямар удам, ямар авьяас, чадвар дамжиж ирсэн гэж боддог вэ?
-Намайг хэдхэн сартай байхад аав, ээж хоёр салсан. Тэд хоёулаа одоогийн МГИМО-ийн бүрэлдэхүүнд ордог байсан Гадаад худалдааны дээд сургуулийг төгссөн хүмүүс. Тиймээс ч ээж маань намайг МГИМО-д орохыг дэмжиж, тусалж байсан. Тэр нь ч амжилттай болсон. Хуваарилалтын дараа эцэг эх маань Брест хотын гаалийн байгууллагад ажиллахаар явсан.
Хувь тавилангийн эрхээр би дараа нь зөвхөн ээжтэйгээ амьдарсан. Харин эмээ маань Ногинск хотод ахлах сувилагчаар ажиллаж байсан. Өвөө маань Ногинскийн төмөр замын өртөөний дарга байсан. Дайны туршид тэр фронт руу явуулах цэргийн эшелонууд (нэг чиглэлд хөдөлж буй олон вагон бүхий зохион байгуулалттай галт тэрэгний цуваа.орч)-ыг хариуцаж байсан. Түүний хоёр ах нь фронт руу яваад хоёулаа эргэж ирсэн.
Өвөө маань харьцангуй залуудаа нас барсан. Тэр 67 настай байсан. Харин эмээ маань арай удаан амьдарсан. Дараа нь Москва руу бидэн дээр ирсэн. Би тэдэнд маш их хайртай байсан. Тэд үнэхээр миний найз шиг хүмүүс байсан. Намайг ямар нэгэн зүйл хийчихээд ээжид таалагдахгүй байх үед намайг өмгөөлж, хаацайлдаг байлаа. Яг л эмээ, өвөө нарын гаргадаг зан байдаг даа.
Удам угсаа гэдэг үл үзэгдэх байдлаар асар их үүрэг гүйцэтгэдэг. Чи өөрт чинь хэдэн үеийн өвөг дээдэс байсныг өдөр бүр боддоггүй. Гол нь тэр биш. Гол нь чи тэдний үргэлжлэл болж амьдарч байдаг. Яг одоо бид Герман болон бүх Европыг ялсан хүмүүсийн төлөө тэмцэж байгаа шиг.
-Таныг рафтинг спортоор хичээллэдэг гэдэг. Энэ үнэн үү? Одоо ч гэсэн хичээллэдэг үү?
-Магадгүй 1984-1985 оноос эхэлсэн байх. Манай нөхөд нийлээд “зэрлэг байгальд” амрах шийдвэр гаргасан юм. Манай нэг найз МГИМО-д надаас нэг анги ах байсан, Уфа хотоос гаралтай хүн байлаа. Тэр биднийг өөр нэг найзын хамт зун Уфа руу нэг долоо хоног яваад, голоор зугаалж, загас барихыг санал болгосон.
Бид очоод Белая гол дээр завиар явж, загас барьсан. Тэр гол их намуун, урсгал багатай. Тэгээд дараа жил нь дахин ирэхээр шийдэж, таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлсэн. Алтайн Бия голыг сонгосон. Энэ гол Телецкое нуураас эх авдаг. Гэхдээ явахаасаа өмнө Телецкое нуурт хэд хэдэн гол цутгадаг, тэдний дунд маш ширүүн урсгалтай Чулышман гол байдгийг мэдсэн.
Бид янз бүрийн хувилбар судалсан. Эцэст нь шийдээд, Телецкое нуураас эхлээд маш ширүүн урсгалтай голоор 20 орчим км дээш явсан. Биднийг тэр нуур руу хүчтэй урсгал аваачсан. Бид бүгд гайхамшгаар сал дээрээ үлдэж, хөмрөөгүй. Дараа нь завиар Телецкое нуурыг туулж, Бия голоор урсгал даган аялсан.
Үүний дараа бид анх удаа Катунь голд очсон. Түүнийг эхнээс нь төгсгөл хүртэл туулсан. Эхлээд урсгалын дунд хэсгээр нь явсан. Тэнд рафтингийн дэлхийн аваргын тэмцээн болдог. Тэнд 4-4.5 зэрэглэлийн босго, заримдаа 5-р зэрэглэлийн хэсгүүд байдаг.
Нэг удаа Белуха уулын орчмоос эхэлж урссан. Маш сонирхолтой маршрут байсан. Эхний өдөр өндөрлөг газраар явах хэрэгтэй. Бүх зүйл маш удаан хөдөлнө. Харин дараа нь гол огцом доош унадаг. Тэр хэсэгт маш хүнд таван босго байдаг. Адреналин шууд л ялгарна.
-Та нар хөмөрч байсан уу?
-Миний сал бол үгүй. Бид хоёр салаар явдаг байсан. Харин хамт явсан нөхөд маань хэд хэдэн удаа хөмөрч байсан. Гэхдээ бид тэднийг татаж гаргаж чаддаг байсан. Катунь дээр бид бараг 20 жил явсан. Өвөл биш, зөвхөн зуны улиралд. Тэнд бидэнд олон найз нөхөд бий. Үнэхээр гайхамшигтай нутаг.
-Та нар орой эрэг дээр ирээд, салаа гаргаж, гал түлж, майхан барина. Тэгээд гитар, дуу хөгжим эхэлдэг үү?
-Гитар, дуу хөгжим эхэлнэ ээ.
-Та гитараар ойролцоогоор хэдэн дуу тоглодог вэ? Тоолж үзээгүй байх?
-Би В.С. Высоцкий, Б.Ш. Окуджава нарыг сонсох маш их дуртай.
-Та өөрөө тоглож, дуулдаг уу?
-Тийм ээ.
-Хэзээ нэг өдөр сонсох боломж гарах болов уу? Заавал сонсмоор байна.
-Танай хэвлэл мэдээллийн боломжийг ашиглая. Хэрэв хэн нэгэнд сонирхолтой байвал ямар ч төлбөргүйгээр. Би зөвшөөрч байна.
-Маш сонирхолтой байна. Үнэхээр сонсохыг хүсэж байна. Бид бүх зүйлд сонирхолтой байдаг. Учир нь, сэтгүүлчид зөвхөн таныг харах дуртай биш, бас сонсох дуртай. Ялангуяа микрофон унтарсан гэж бодож байх үед тань. Хэрэв та “тэнэгүүд...” гэсэн нэг үгтэй хэллэгээ барааны тэмдэг болгосон бол их мөнгө олох байсан байх. Манай бараг бүх хамт олон тэр бичигтэй цамц өмсөж байсан, би ч бас өмссөн. Мянга мянган ширхэгээр зарагдсан. Энэ таны зан чанар уу, эсвэл тухайн нөхцөл байдлаас болоод өөрийн эрхгүй гардаг уу?
-Өөрийн эрхгүй гарчихдаг. Бид бүгд амьд хүмүүс шүү дээ.
-Гэхдээ таны хамт ажилладаг хүмүүс таныг ажил дээрээ ийм үг огт хэрэглэдэггүй гэж ярьдаг.
-Худалчууд. Би тэдэнд сануулна аа. Энэ бол мэдээж хоёр нүүртэй мэдэгдэл. Заримдаа ямар нэг зүйл гэнэт буруу болоход, эсвэл хэн нэгэн санаандгүй байдлаар буруу үйлдэл хийхэд халуун үг амнаас гарах үе байдаг. Харин тэр барааны тэмдэг болгох тухай би хэзээ ч бодож байгаагүй.
Хамгийн чухал зүйлийн тухай
-Та өмнө нь манай улс, эх орон маань Бурхнаас ивээгдсэн, Бурхнаас хамгаалагдсан гэж хэлсэн. Харин өөрөө та итгэл үнэмшилтэй хүн үү?
-Тийм ээ, би итгэдэг. Намайг эмээ маань ээжээс минь нууцаар загалмайлуулсан юм. Ээж маань коммунист хүн байсан. Харин Зөвлөлт Холбоот Улс задан унасны дараахан, амьдралынхаа нэлээд хожуу үед өөрөө загалмайлуулах шийдвэр гаргасан.
Эмээ маань намайг Ногинск хот руу авч явж загалмайлуулсан. Москва голын эрэг дээр одоо ч гэсэн тэр сүм байдаг. Бурхан ивээж, тэр сүм цаашид ч үйл ажиллагаагаа явуулж байгаасай гэж хүсдэг. Тэр үед надад зүүж өгсөн загалмайг би одоо хүртэл хадгалдаг. Сайхан цаг үе байсан.
-Таны амьдралд зөвхөн гайхамшиг, Бурхнаас өөр зүйлээр тайлбарлах боломжгүй ямар нэгэн үйл явдал тохиолдож байсан уу?
-Магадгүй байсан байх. Зарим түүхийг би эргэн санахыг хүсдэггүй. Тийм зүйл тохиолдож байсан. Нэг удаа бид Катунь голоор аялж байлаа. Замдаа зогсоод, морь авч, уул руу явсан юм. Би институтэд байхдаа морин спортоор хичээллэж байсан, тиймээс тодорхой хэмжээний туршлагатай байсан. Харин манай нөхдийн заримд нь тийм чадвар байгаагүй.
Бид уулнаас доош бууж явах үед гэнэт морьд үргэж, давхиж эхэлсэн. Баруун талд нь уул, зүүн талд нь үнэхээр гүн ангал байсан. Манай нэг нөхрийн морь хяналтаас гарч, түүнийг аваад явчихсан. Тэр бараг намайг мөргөж унагаах шахсан. Ямар нэгэн гайхамшгаар бид зогсож чадсан.
-Харин улс төрийн хувьд хамгийн хүнд, драмтай үе гэвэл?
-Магадгүй төрийн эргэлтийн үеийг хэлж болох байх. Дахиад л бидний яриа эхэлсэн зүйл рүүгээ буцаж орж байна. Тэр үед “За, Орос улс зөөлөн, дуулгавартай байг. Бидний зааж өгсөн бүхнийг дагаж байхад л болно” гэж бодож байсан хүмүүс байсан.
Гэтэл Орос улс дуулгавартай биш, өөрийн гэсэн нэр төр, байр суурьтай гэдэг нь тодорхой болсон. Энэ нь таны дурдсан Мюнхений илтгэлээс ч өмнө илэрч эхэлсэн. Харин тэр илтгэл дээр В.В.Путин бүхнийг маш илэн далангүй, шударгаар хэлсэн. Тэр үеийн хэлэлцүүлэг бүхэлдээ ихээхэн хоёр нүүр гаргасан шинжтэй байсан.
Үүнээс өмнө ч янз бүрийн нөхцөл байдал байсан. Гэхдээ бид Барууны орнууд ухаарч, энэ бүхэн түр зуурын үзэгдэл, өөрсдийнхөө дотор засах ёстой зүйл гэж найдаж байсан.
-Балтын орнуудын талаар?
-Тийм ээ. Би 2004 онд сайдын албан тушаалд очоод удаагүй байхад тэд Балтын орнуудыг НАТО-гийн ээлжит өргөтгөлд татан оруулж эхэлсэн. Оросын Ерөнхийлөгч тэднээс “Та нар яагаад үүнийг хийж байгаа юм бэ? Бид чинь өөр зүйл дээр тохиролцсон шүү дээ” гэж асуусан.
Хариуд нь тэд “Та нар ойлгож байгаа байх. Тэд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үеэсээ өөрсдийгөө эзлэгдсэн, эрх чөлөөгүй байсан мэт мэдрэмж авч үлдсэн. Тэр айдас нь одоо ч байгаа. Бид тэднийг НАТО болон Европын Холбоонд оруулчихвал тайвширна” гэж хэлсэн.
-Тэгээд юу болсон бэ? Тайвширсан уу?
-Одоо тэд бидний эсрэг чиглүүлж байгаа гол “дайралтын үзүүрүүдийн” нэг болсон. Эстонийн залуусын тэр “халуун зан”-г мэддэг болохоор тэднийг ашиглаж байна. Литва, Латви хоёр одоо нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байрлуулах хоригийг цуцлах тухай мэдэгдэж байна.
-Тэгэхээр юунд найдах ёстой вэ?
-Манай Ерөнхийлөгч олон удаа хэлж байсан шиг, бид зөвхөн өөртөө найдах ёстой. Одоо болж байгаа үйл явдлууд хүнд үр дагавартай. Гэхдээ би дахин хэлмээр байна: бид нацизмыг устгасан өвөө, эмээ, өвөг дээдсийнхээ эхлүүлсэн ажлыг дуусгаж байна. Харин бидний хуучин холбоотнууд тэр нацизмыг аварсан.
Вермахтын генералуудын хувь заяа тодорхой. Тэд Баруунд орон байр, амьдрах боломжоо олсон. Харин одоо хэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байхад нацизм дахин ил тод сэргэж байна. Үүнийг хэн ч нуухаа больсон. Тиймээс хэрэв бид өөрсдийн Оросын соёл иргэншлээ хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол бидэнд өөр сонголт байхгүй.
-Сүүлийн асуулт. “Эх орон”, “Орос”, “амьдрал” гэсэн үгсийг та ямар утгаар ойлгодог вэ? Таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ?
-Орос орон бол амьдрал. Харин амьдрал бол Орос орон юм.
Эх сурвалж: TASS