АНУ-ын виз мэдүүлж буй дэлхийн 50 улсын иргэдэд зориулсан, 20 мянган ам.доллар хүртэлх визийн барьцааны хөтөлбөр наймдугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэхээр болжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.

Шинэ журам нь бизнесийн болон аялал жуулчлалын зориулалттай B-1, B-2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд тухайн хүний нөхцөл байдлыг харгалзан барьцааны хэмжээг консулын ажилтан тогтоох аж.

Төрийн департамент мэдэгдэлдээ “Консулын ажилтан шаардлагатай гэж үзсэн тохиолдолд цагаачлалын бус виз мэдүүлэгчээс виз олгох нөхцөл болгон 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардаж болно” гэжээ.

Хэрэв виз эзэмшигч АНУ-д байх хугацааны нөхцөлийг зөрчөөгүй, тогтоосон хугацаанд тус улсаас гарсан, эсвэл АНУ-д нэвтрэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд байршуулсан барьцааг буцаан олгох юм байна.

Уг хөтөлбөрт хамрагдах 50 улсын жагсаалтад Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан зэрэг орнуудаас гадна Монгол Улс, Алжир, Ангол, Бангладеш, Камбож, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Балба, Никарагуа, Тунис, Уганда, Венесуэл, Зимбабве болон Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн зарим улс багтжээ. Харин ОХУ уг жагсаалтад ороогүй байна.

АНУ-ын Төрийн департаментын тайлбарласнаар, эдгээр улсыг сонгохдоо иргэд нь визийн нөхцөл зөрчсөн тохиолдлын түвшин өндөр байгааг харгалзан үзжээ.

Өмнө хэрэгжүүлж байсан визийн барьцааны туршилтын хөтөлбөрийн хүрээнд консулын ажилтнууд виз мэдүүлэгчдээс 5-15 мянган ам.долларын барьцаа шаардаж байсан бол шинэ журмаар 5 мянган ам.долларын доод хэмжээг цуцалж, барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, 2024 оны санхүүгийн жилд дээрх жагсаалтад багтсан орнуудын иргэд АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлсэн 45.5 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин визийн барьцааны туршилтын хөтөлбөр хэрэгжсэн 10 сарын хугацаанд ийм төрлийн зөрчил ердөө 50 орчим гарсан гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ эдгээр улсын иргэдэд олгосон АНУ-ын визийн тоо 83 хувиар буурсан байна.

Төрийн департамент "Визийн барьцааны хөтөлбөр нь барьцаа байршуулсан виз эзэмшигчдийг визийн нөхцөл, шаардлагыг мөрдөхөд чиглэсэн үр дүнтэй арга хэрэгсэл болсон" гэж онцолжээ.

Эх сурвалж: DW