Пентагон НАТО-гийн ивээл дор Германд байгуулагдсан Украины аюулгүй байдлын тусламжийн бүлэг (SAG-U)-ийг удирдах үүргээсээ татгалзаж, уг бүлгийн удирдлагыг НАТО-гийн өөр нэг гишүүн улсад шилжүүлэхээр болсон талаар Politico мэдээлэв.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Украины зэвсэглэл, цэргийн сургалтыг зохицуулдаг тус бүлгийг цаашид Европын аль нэг улс, эсвэл Канадын офицер удирдах аж. НАТО-гийн албан тушаалтан "Энэ нь Европын холбоотнууд аюулгүй байдлын хариуцлагаа улам идэвхтэй хүлээж байгаагийн илрэл" гэж онцолжээ.

Германы Висбаден хотод төвтэй SAG-U нь Орос Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш барууны орнуудын цэргийн тусламж, сургалт, логистикийг зохицуулж ирсэн билээ.

Удирдлагыг шилжүүлэх үйл явц нэг жил хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Украиныг дэмжих ажиллагаа тасалдахгүй гэж албаныхан мэдэгдсэн байна. АНУ-ын Европ дахь цэргийн командлал америк орлогч командлагчаар дамжуулан үйл ажиллагаанд оролцсоор байх аж.

НАТО-гийн ихэнх гишүүн орон энэхүү өөрчлөлтийг дэмжиж буй бөгөөд Европын үүрэг оролцоо нэмэгдэх нь АНУ-ын дотоод улс төрийн өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг бууруулж, Украины цэргийн хангамжийг илүү тогтвортой болгоно гэж үзэж буй юм байна.

Харин Украины тал Вашингтон удирдлагаас гарч буй нь барууны цэргийн дэмжлэгийн ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Эх сурвалж: DW