ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд Ялалтын баярын цэргийн парадыг удирдан нээлээ. Энэхүү арга хэмжээ Орос, Украины хооронд хэрэгжиж эхэлсэн гурван өдрийн гал зогсоох дэглэмийн үеэр болж буйгаараа онцлог болж байна.
Владимир Путин Москвагийн цэргийн ололт амжилтыг онцолж, NATO-г шүүмжилж, ялалт зөвхөн фронт дээр бус, мөн ар талд ч “цогцлон бүрэлддэг” гэж онцолжээ.
ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Владимир Путины засаглалын үед энэхүү парад Оросын цэргийн хүч чадал, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болон өргөжсөн гэж үздэг.
Гэвч энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдээс мэдэгдэхүйц ялгаатай болж, Оросын эрх баригчид хүнд цэргийн техникүүдийг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр уламжлалт хүчний үзүүлбэрийг хязгаарлаж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан байна.
Парад болж буй энэ үед Украин Оросын гүн дэх бүс нутгууд, тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн цохилтоо эрчимжүүлж буй бөгөөд Украины тал Кремлийг Киев болон бусад хот руу довтолгоогоо үргэлжлүүлж байна хэмээн буруутгасаар байгаа аж.
Парадын өмнөх өдөр Дональд Трамп Орос, Украин улсууд тавдугаар сарын 9-нөөс 11-ний хооронд гурван өдрийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдсэн. Энэхүү тохиролцоонд байлдааны ажиллагааг түр зогсоохоос гадна өргөн хүрээний хоригдол солилцох асуудал багтжээ.
Уг мэдээллийг Кремль болон Владимир Зеленский аль аль нь баталсан бөгөөд Зеленский хоригдол солилцоог “1000-ыг 1000-аар” хэлбэрээр хийхээр болсон гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, парадын үеэр сөнөөгч онгоцууд үзүүлэх нислэг үйлдэж, цэргүүд Лениний музейн өмнөх талбайд ёслолын жагсаал хийжээ.
Дэлхийн II дайны үед Зөвлөлт Холбоот Улс нийт 27 сая орчим иргэнээ алдсан нь дайнд оролцсон улс орнуудаас хамгийн өндөр хохиролд тооцогддог.
Эх сурвалж: CNN, TELEGRAPH, REUTERS