Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 342 дугаар ангид ажиллаж, ангийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явц, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй танилцав.
Зэвсэгт хүчний 342 дугаар анги Барилга-инженерийн цэргийн бүрэлдэхүүн бөгөөд байлдааны болон дайчилгааны бэлэн байдлыг хангахын зэрэгцээ улсын бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, гамшгаас хамгаалах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тус анги байгуулагдсан цагаасаа хойш эх орны томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, газрын тос боловсруулах үйлдвэрийн авто зам, Улаанбаатар-Дархан, Шинэжинст-Шивээхүрэн, Улаанбаатар-Арвайхээр-Хужирт чиглэлийн авто замын төслүүд, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги зэрэг стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалт, чулуу бутлуурын үйлдвэрлэл, гүний усны худгийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирсэн.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр Засгийн газраас алслагдсан бүсэд байрлах Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд алслагдсан бүсэд ажиллаж буй алба хаагчдад таван жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн нэмэгдэл олгох боломж бүрдсэнийг онцлов.

Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүний нэг өдрийн нэмэлт хөлсийг 120 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсны үр дүнд Барилга-инженерийн цэргийн алба хаагчид үндсэн цалингаасаа гадна сар бүр дунджаар дөрвөн сая орчим төгрөгийн нэмэгдэл авах нөхцөл бүрдсэнийг тэмдэглэлээ.

Ангийн захирагч дэд хурандаа П.Төрбадрах ангийн эрхэм зорилго, алсын хараа, бүтэц зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний чадавх, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд болон тулгамдаж буй асуудал, ангийн штабын барилга, соёл спортын төв, албан тушаалын орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон танилцуулав.
Үүний хариуд салбарын сайд тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлж, орон сууцны төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Зэвсэгт хүчний Хөгжлийн сангаар дамжуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.

Мөн ангийн штабын барилгын хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгуулах, соёл спортын цогцолборын бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх, алба хаагчдыг ипотекийн зээлд хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид орон нутгаас эрх үүргийн хүрээнд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбартаа ажил үйлс, ур чадвар, хичээл зүтгэлээрээ манлайлан ажилласан алба хаагчдад “Дайчин алдар”, “Эх орны төлөө” медалийг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Ажлын уулзалтад салбарын сайдын хамт Батлан хамгаалахын сайдын зөвлөх дэслэгч генерал Г.Сайханбаяр, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон холбогдох удирдлагууд оролцлоо.





