АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд Patriot агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн цогцолбор (ЗРК)-ыг дотооддоо үйлдвэрлэх лиценз олгох эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр долдугаар сарын 31-нд The Financial Times сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Трамп "Бид энэ асуудлыг хэлэлцэж байна. Лиценз олгох эсэхдээ одоогийн байдлаар бүрэн итгэлтэй биш байна" хэмээн хэлжээ. Тэрбээр Patriot системийг "онцгой чухал зэвсэг" хэмээн тодорхойлоод, "Ийм төрлийн лицензийг олгох асуудлыг маш болгоомжтой шийдэх шаардлагатай. Ер нь бид ийм тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн лицензийг тэр бүр олгодоггүй" гэж онцолсон байна.
Зеленский хамтарсан үйлдвэрлэл эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
Трампын энэхүү мэдэгдэл түүнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Цагаан ордонд уулзсанаас хоёр хоногийн дараа гарчээ.
Зеленский уулзалтыг "үр дүнтэй, сайн болсон" гэж үнэлээд, хоёр тал Patriot системийн пуужин үйлдвэрлэх хамтын ажиллагаа болон батлан хамгаалах салбарын бусад төслүүдийн талаар ярилцсан гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн саяхан Patriot систем үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзсан гэдгээ дурдан "Бид хамтарсан үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ нь манай улсын хувьд маш чухал" гэжээ.
Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийг АНУ-ын Lockheed Martin болон RTX (хуучнаар Raytheon Technologies) компаниуд үйлдвэрлэдэг.
Долдугаар сарын эхээр болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп АНУ Украинд Patriot системийг үйлдвэрлэх лиценз олгоно гэж мэдэгдэж байсан ч одоо энэ асуудлыг дахин нягталж байгаагаа илэрхийлжээ.
Трамп: Уиткофф, Кушнер нар Украинд айлчилна
Трамп мөн Financial Times-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын гол зорилго нь Орос-Украины дайныг аль болох хурдан зогсоох явдал гэдгийг онцолсон байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф болон өөрийн хүргэн Жаред Кушнер ойрын өдрүүдэд анх удаа Украинд айлчилна гэж мэдэгджээ.
Трамп "Бидний хүсэж буй зүйл маш энгийн. Орос, Украины дайн дуусах ёстой. Бид пуужингийн тухай биш, энхийн тухай бодож байна" хэмээн хэлсэн байна.
Зеленский холбоотнуудаасаа Patriot пуужин нийлүүлэхийг хүсэв
Украины удирдагч ОХУ долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Украинд өргөн хүрээг хамарсан цохилт өгсөн талаар мэдээлжээ. Түүний хэлснээр, уг халдлагад 70 гаруй пуужин (ихэнх нь баллистик) болон 280 гаруй цохилтын дрон ашигласан байна.
Үүний дараа Зеленский олон улсын холбоотнууддаа хандан агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг, ялангуяа Patriot системийн пуужин нийлүүлэхийг уриалжээ.
Тэрбээр "Манай түншүүд нөхцөл байдлыг бүрэн ойлгох нь чухал. Тэдний агаарын довтолгооноос хамгаалах пуужингаар туслах эсэхээс энгийн иргэдийн амь нас шууд хамаарч байна. Энэ нь юуны өмнө АНУ болон Patriot системийн пуужин нийлүүлэх боломжтой бусад орнуудад хамаатай" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW