ОХУ-ын Зэвсэгт хүчин наймдугаар сарын 1-нд шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу баллистик пуужингийн цохилт өгч, хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ.
Киев хотын дарга Виталий Кличко өөрийн цахим хуудсаар дамжуулан "Хотод дэлбэрэлтүүд болж байна. Киев баллистик пуужингийн халдлагад өртлөө. Иргэдийг яаралтай хоргодох байранд орохыг анхааруулж байна" хэмээн мэдэгджээ.
Киев хотын Цэргийн захиргааны (КГВА) хамгийн сүүлийн мэдээллээр, уг халдлагын улмаас дор хаяж есөн хүн амиа алдаж, 28 хүн шархадсан байна. Гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж буй бөгөөд тэдний дунд 13 болон 17 настай хоёр өсвөр насны хүүхэд багтжээ.
Оросын пуужингийн довтолгооны улмаас Киев хотын таван дүүрэгт эвдрэл, сүйрэл бүртгэгдсэн байна. Соломенскийн дүүрэгт хоёр хүн амиа алдаж, найман хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ.
Нэг байршилд таван давхар орон сууцны барилгын хэсэг нурж, гал гарсан бол өөр нэг газарт автомашины зогсоолд байсан хэд хэдэн машин шатсан аж. Гурван хүнийг эмнэлэгт хүргэж, аврагчид барилгын дээд давхруудаас 35 хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлж, гал түймрийг бүрэн унтраажээ.
Дарницкийн дүүрэгт захиргааны зориулалттай болон ашиглалтын бус барилгууд галд автаж, эвдрэл сүйрэл үүссэн байна. Мөн хэд хэдэн автомашин шатаж, ойролцоох орон сууцууд гэмтжээ. Энэ дүүрэгт долоон хүн амиа алдаж, 14 хүн шархадсан бөгөөд гэмтэгсдийн дунд хоёр хүүхэд байсан аж. Аврах албаныхан гарсан бүх галыг унтраасан байна.
Мөн ОХУ-ын халдлагын улмаас Киев мужид нэгэн үйлдвэрийн барилгад гал гарч, хоёр хүн гэмтсэн талаар мужийн Цэргийн захиргаа мэдээлжээ.
Эх сурвалж: DW