АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Украинтай байгуулсан газрын ховор элементийн гэрээ нь АНУ-д хүссэн үедээ Украинд очиж, шаардлагатай бараг бүхнийг авах эрх олгож байгаа юм" гэж мэдэгджээ.

Тэрбээр Америкийн сэтгүүлч Steve Gruber-д өгсөн ярилцлагадаа "Украин бол газрын ховор элементээр маш баялаг орон. Бид газрын ховор элементтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу бид хүссэн үедээ тийшээ очиж, хэрэгтэй бараг бүхнээ авч болно. Миний бодлоор энэ бол маш ашигтай хэлэлцээр" хэмээн хэлжээ.

Украины Сайд нарын танхим 2025 оны тавдугаар сарын 1-нд АНУ-тай байгуулсан газрын хэвлийн баялгийн талаарх гэрээний бүрэн эхийг нийтэлсэн байна. Баримт бичгийг шинжилсэн Украины олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Дээд Радын зарим гишүүд уг гэрээний нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ нь Украины эдийн засгийн бүрэн эрхийн тодорхой хэсгийг алдагдуулах эрсдэлтэй гэж үзжээ.

Мөн Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын албаны өмнө нь онцолж байсан аюулгүй байдлын баталгаанууд уг гэрээнд тусгагдаагүйг шүүмжилсэн байна. Үүнээс гадна үндсэн гэрээнд дурдсан хоёр нэмэлт баримт бичгийг Дээд Радын гишүүдэд танилцуулаагүйд парламентын гишүүд шүүмжлэлтэй ханджээ.

Гэвч 2025 оны тавдугаар сарын 8-нд Украины Дээд Рада уг гэрээг соёрхон баталж, тавдугаар сарын 12-нд Ерөнхийлөгч Владимир Зеленский соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурснаар гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болсон байна.

Эх сурвалж: TASS