2026 оны хоёрдугаар улиралд "Оюу толгой" ХХК үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн гүйцэтгэл болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр чухал ахиц гаргажээ.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд хоёрдугаар улиралд гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.33 байсан аж. Компанийн жилийн зорилтот түвшин болох 0.27-д хүрэхийн тулд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд эрчимтэй хэрэгжүүлж буй юм байна.
Үйлдвэрлэлийн хувьд гүний уурхайн олборлолт эрчимжиж, ил уурхай өндөр агуулгатай хүдрийн бүсүүдэд олборлолтоо өргөжүүлснээр зэс, алтны үйлдвэрлэл өндөр түвшинд хүрчээ. Үүний үр дүнд 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн гүйцэтгэл төлөвлөсөн түвшнээс өндөр байж, оны үлдсэн хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх баттай суурийг бүрдүүлсэн байна.
Гүний уурхайн хөгжилд ч мөн чухал ахиц гарчээ. Панель 0 бүрэн хүчин чадалдаа хүрснээр гүний уурхайн үйлдвэрлэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх төлөвлөгөөний чухал зорилт биелжээ. Үүний зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж буй нь олборлолтын хэмжээг ойрын жилүүдэд тогтвортой өсгөх стратегийн чухал үндэс болсон байна.
Мөн тайлант хугацаанд гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон төлөвлөгөөт засвар үйлчилгээ, зогсолтын ажлуудыг аюул осолгүй, амжилттай дуусгажээ.
Үүнд гүний уурхайн хүдэр өргөх, бутлах, тээвэрлэх үндсэн системүүд, ил уурхайн ачилтын техникүүд, баяжуулах үйлдвэрийн бутлуурын туузан дамжуурга болон тээрмийн гол тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ багтсан байна.
Эдгээр ажлыг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр гүйцэтгэснээр оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай үргэлжлүүлэх техникийн бэлэн байдлыг бүрэн хангаад байгаа аж.
Үйлдвэрлэлийн өндөр гүйцэтгэл, гүний уурхайн бүтээн байгуулалтын ахиц, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлсэн нь "Оюу толгой" ХХК-ийн үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг бэхжүүлж, 2026 оны үйлдвэрлэлийн зорилтоо бүрэн хэрэгжүүлэх боломжийг улам бататгасан байна.