ОХУ Украинд дахин агаарын цохилт өгсөн талаар Украины Агаарын цэргийн хүчин тавдугаар сарын 9-ний өглөө мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар, Украин руу “Искандер-М” баллистик пуужин болон 43 дрон харваснаас 34-ийг нь устгаж, ажиллагаагүй болгосон байна.

Гэсэн хэдий ч пуужин болон есөн цохилтын дрон зургаан байршилд онож, мөн хоёр газарт дроны хэлтэрхий унажээ. Агаарын довтолгоо тавдугаар сарын 8-ны оройн 18:00 цагаас эхэлсэн боловч хоёр талын зарласан гал зогсоох дэглэм эхэлсний дараа үргэлжилсэн эсэхийг тодорхой дурдаагүй байна.

Мөн орой нь Оросын хүчнийхэн Чернигов мужийн Печенюги тосгоны иргэний дэд бүтцэд цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Үүнээс гадна Днепропетровск мужийн хоёр дүүрэгт болсон цохилтын улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн шархадсан талаар тус мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганджа мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр, Никополь дүүрэгт дэд бүтэц, дэлгүүр, кафе, хувийн орон сууцууд эвдэрч сүйдсэн бөгөөд 35 настай эрэгтэй амиа алджээ. Мөн нэг эмэгтэй хүнд шархдан, эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Синельников дүүргийн Дубовиковскийн сууринд үйлдвэрийн байгууламж болон хөдөө аж ахуйн техник эвдэрч, нэг хүн нас баржээ.

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Батлан хамгаалах яам тавдугаар сарын 8, 9-нд Украинтай түр гал зогсоохоо мэдэгдсэн. Харин Владимир Зеленский гал зогсоох дэглэмийг тавдугаар сарын 6-наас эхлүүлэхийг уриалсан юм.

Үүний дараа хоёр тал харилцан цохилт өгсөн бөгөөд Дональд Трамп Орос, Украин гурван өдрийн гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Мөн талууд хоригдол солилцохоор болсон талаар мэдээлжээ.

Эх сурвалж: DW