ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бензин, дизель түлшний экспортод мөрдөж буй түр хязгаарлалтыг 2027 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Шинэ журам 2026 оны наймдугаар сарын 1-нээс 2027 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Өмнөх зохицуулалт нь долоодугаар сарын 31-нд дуусахаар байсан юм.
Засгийн газрын шийдвэрт зарим төрлийн нийлүүлэлтийг хязгаарлалтаас чөлөөлөхөөр тусгажээ. Тухайлбал, есдүгээр сараас эхлэн шатахуун үйлдвэрлэгч боловсруулах үйлдвэрүүд дизель түлш, усан онгоцны түлш болон газойлыг экспортлох боломжтой хэвээр үлджээ.
Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх нийлүүлэлт болон хүмүүнлэгийн тусламжийн ачилтууд хоригт хамрагдахгүй бөгөөд энэ нь Монгол Улсад нийлүүлж буй шатахуунд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжтойг харуулж байна.
Үүнээс өмнө ОХУ онгоцны түлшний экспортод тавьсан хоригоо мөн сунгаж, уг зохицуулалтыг 2026 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак өмнө нь бензиний экспортын хязгаарлалтыг сунгахаа мэдэгдэж байсан бөгөөд тухайн үед оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж мэдээлж байв. Харин шинэ тогтоолоор уг хугацааг ирэх оны нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгажээ.
Оны эхнээс хойш ОХУ-д бензиний жижиглэнгийн үнэ ойролцоогоор 19 хувиар өсөж, долдугаар сарын 27-ны байдлаар нэг литрийн улсын дундаж үнэ 77.89 рубльд хүрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор ургац хураалтын үеийн түлшний хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор газрын тосны компаниуд болон бүс нутгийн захиргаадын хооронд шууд гэрээ байгуулж, арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл тариаланчдад шатахууны нийлүүлэлтийг тэргүүлэх чиглэл болгон зохион байгуулахаар болсон байна.
Өвөр Байгалын хязгаар Монгол Улсаас автомашины түлш авах хүсэлт гаргажээ
ОХУ-ын дотоодын зарим бүс нутагт дизель түлшний нийлүүлэлт хүндрэлтэй байгаа нөхцөлд Алс Дорнодын холбооны тойргийн Өвөр Байгалын хязгаар Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхлоо илэрхийлжээ.
Тус хязгаарын Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, хөгжлийн сайд В.С.Эксузян Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуягт албан бичиг илгээж, найдвартай нийлүүлэгч байгууллагатай холбогдож дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Албан бичигт шаардлагатай мэдээллийг хавсаргасан бөгөөд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.
Энэхүү хүсэлт нь ОХУ шатахууны экспортын хоригоо сунгасан шийдвэрийн дараахан гарсан нь анхаарал татаж байна. Хэрэв хамтын ажиллагаа хэрэгжвэл Монгол Улс анх удаа ОХУ-ын зарим бүс нутагт автомашины түлш нийлүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: MOSCOW TIMES, TASS