АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь ХАМАС болон бусад зэвсэгт бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ. Харин ХАМАС уг тохиролцоог одоогийн байдлаар албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Трамп пүрэв гарагт өөрийн Truth Social хуудастаа “Өнөөдөр Энх тайвны зөвлөл Газын зурвас дахь ХАМАС болон бусад бүх зэвсэгт бүлэглэлийг БҮРЭН ЗЭВСЭГГҮЙ БОЛГОХ түүхэн тохиролцоонд хүрлээ. Энэ нь урт хугацааны энх тайван, аюулгүй байдлыг хангах асар том алхам юм” хэмээн бичжээ.

Пүрэв гаргийн оройн байдлаар ХАМАС уг мэдэгдэлд албан ёсны хариу өгөөгүй байсан бөгөөд хэвлэлүүд тэднээс тайлбар авахаар хандсан байна.

Зэвсэг хүлээлгэн өгөх үйл явц үе шаттай явагдана

“Энх тайвны зөвлөл”-ийн албан тушаалтны мэдээлснээр, ХАМАС болон бусад зэвсэгт бүлэглэлүүд эцэст нь зэвсгээ тусгай хороонд шилжүүлэх бөгөөд үүнийг үе шаттай хэрэгжүүлэх аж. Тухайлбал, "Эхний ээлжид цагдаагийн байгууллагын зориулалттай зэвсгийг, хамгийн сүүлд хувь хүмүүсийн эзэмшиж буй зэвсгийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна" гэжээ.

ХАМАС-ыг зэвсэггүй болгох нь Трампын Газын дайныг зогсоох зорилготой олон үе шаттай энх тайвны төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол нөхцөлүүдийн нэг аж. Мөн уг төлөвлөгөөний хүрээнд Газын зурваст технократ засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэж буй юм байна.

“ХАМАС засаглалаас гарна” гэж үзэж байна

Зуучлагч талууд хэдэн сарын турш ХАМАС-тай уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар хэлэлцээ хийж байгаа боловч бүс нутгийн зарим шинжээчид тус бүлэглэл тохиролцооны нөхцөлийг бүрэн биелүүлэх эсэхэд эргэлзэж байгаа ажж. 

“Энх тайвны зөвлөл”-ийн албан тушаалтан “Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжиж, цуглуулсан зэвсгүүдийг хүлээлгэн өгч, шилжилтийн засаг захиргаа хяналтаа авбал ХАМАС засгийн газар, удирдлагын үйл ажиллагаанаас гарна. Ингэснээр Палестины ард түмний улс төрийн ирээдүйн боломж дахин нээгдэнэ” гэж хэлжээ.

ХАМАС өмнө нь Газын засгийн газраас татгалзахаа мэдэгдсэн

Энэ сарын эхээр ХАМАС Газын зурвас дахь засгийн газраа татан буулгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар энэ нь АНУ-ын зуучилсан гал зогсоох төлөвлөгөө зогсонги байдалд орсон үед Израильд үзүүлсэн дарамт байжээ. Гэхдээ тухайн мэдэгдэлд зэвсэг хураалгах асуудлыг дурдаагүй байна.

АНУ: Израильтай бүх үе шатанд зөвшилцсөн

АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, Вашингтон уг зэвсэггүй болгох тохиролцооны үе шат бүрт Израильтай хамтран ажилласан байна. Тэрбээр Израиль улс ХАМАС зэвсгээ үнэхээр хураалгах эсэхэд эргэлзэж байгаа ч “Энэ бол итгэлцэл дээр суурилсан хэлэлцээр биш, харин бодит хэрэгжилт шаардсан тохиролцоо” гэж тайлбарлажээ.

Израилийн цэрэг гарч, олон улсын хүчин аюулгүй байдлыг хариуцна

“Энх тайвны зөвлөл” Трампын мэдэгдлийн дараа X платформд нийтлэхдээ “Анх удаа ХАМАС бүх зэвсгээ хүлээлгэн өгөх бодит хэрэгжих төлөвлөгөөг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа Израилийн цэргүүд Газын зурвасаас гарах бөгөөд энэ нь Газын ард түмэнд илүү сайн ирээдүй, Израилийн ард иргэдэд аюулгүй байдлыг бий болгоно” гэжээ. Трампын мэдээлснээр, уг тохиролцоо хэд хэдэн үе шаттай хэрэгжих аж.

Зэвсэгт бүлэглэлүүд зэвсгээ хураалгасны дараа Израилийн арми Газын зурвасаас үе шаттайгаар гарна;
Олон улсын тогтворжуулах хүчин; шинэ Палестины цагдаагийн байгууллагатай хамтран Газын аюулгүй байдлыг хариуцна.

Хэрэгжилтэд хугацаа шаардлагатай

АНУ болон “Энх тайвны зөвлөл”-ийн албан тушаалтнуудын хэлснээр, энэхүү тохиролцоо нь хэдэн сарын турш үргэлжилсэн “маш нарийн, эмзэг хэлэлцээ”-ний үр дүнд бий болсон бөгөөд “томоохон ахиц” гэж тодорхойлжээ. Гэхдээ тэд уг тохиролцоо нь нөхцөл биелүүлэхэд суурилсан хэлэлцээр хэвээр болохыг онцолсон байна.

Хэрэгжилтийн нарийвчилсан нөхцөлүүдийг хоёр долоо хоногийн дотор нийтлэхээр төлөвлөж, дараагийн үе шат руу шилжихийн тулд өмнөх шатны нөхцөлүүдийг тусгай баталгаажуулах хороо шалгаж, бүрэн хэрэгжсэн гэж үзэх шаардлагатай аж.

Эх сурвалж: CNN