Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын арми Украины эсрэг хийсэн халдлагын үеэр Хойд Солонгосын баллистик пуужин ашигласан байж болзошгүй гэж мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр, Оросын арми Днепропетровск мужийн Радушное тосгонд хийсэн цохилтын үеэр Хойд Солонгосын үйлдвэрлэсэн пуужин ашигласан байж магадгүй бөгөөд уг халдлагын улмаас зургаан хүнтэй өнөр гэр бүл амиа алдсан аж.
Зеленский долдугаар сарын 30-ны пүрэв гарагт цахим хуудастаа “Мэдээж цаашид шинжээчдийн нарийн шалгалт хийгдэж, бүх зүйл баталгаажна. Гэхдээ одоогийн байдлаар Хойд Солонгосын баллистик пуужин гэж үзэж байна” хэмээн бичжээ.
Тэрбээр олон улсын холбоотнуудаа зөвхөн Оросын цохилтыг буруушаахаас гадна Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх пуужин нийлүүлэх, мөн Оросын халдлагыг зогсоохуйц дарамт шахалт үзүүлэхийг уриалсан байна.
Баллистик пуужингийн цохилтын улмаас зургаан хүн амиа алджээ
Украины талын мэдээлснээр, долдугаар сарын 30-ны шөнө ОХУ Украины хэд хэдэн хот, тэр дундаа Киев хот руу пуужингийн цохилт өгсөн байна.
Кривий Рих хотын ойролцоох Днепропетровск мужийн Радушное тосгонд баллистик пуужин хувийн орон сууцанд оногдсоны улмаас зургаан хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд 6 настай охин, 11 болон 17 настай хоёр хүү байсан аж.
Зеленский: Орос улс Хойд Солонгосоос 30 мянган цэрэг авахыг хүсэж байна
Украины Ерөнхийлөгч өмнө нь долдугаар сард Орос улс Хойд Солонгосоос дахин 30 мянган цэрэг авахыг зорьж байна гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, Пёньян мөн Москвад баллистик пуужингийн шинэ харвагч төхөөрөмж нийлүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Зеленский Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагааг “Азийн бүс нутаг дахь Хойд Солонгосын пуужингийн тусгалд байгаа улс орон бүрт заналхийлж байна” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр "Орос улс Хойд Солонгост “дайны туршлага хуримтлуулах"-д нь тусалж байна” гэж хэлсэн байна.
Орос, Хойд Солонгос стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан
2024 онд Москва болон Пёньян “иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулсан. Уг гэрээ нь хоёр улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдал болон цэргийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэж талууд мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: DW