ОХУ-ын шөнийн агаарын цохилтын дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудыг Украинд агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) системүүдийг ямар нэгэн сааталгүйгээр яаралтай нийлүүлэхийг уриаллаа.
Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ "Бүх түнш Украинд хэрхэн, ямар хэлбэрээр тусалж болохоо мэдэж байгаа" гэж бичжээ.
Үүнээс өмнө ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Оросын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн муж дахь цэргийн нисэх буудал болон цэрэг-аж үйлдвэрийн зориулалттай объектуудыг хамарсан өргөн хүрээтэй цохилт өгсөн талаар мэдээлсэн байна.
Тус мэдэгдэлд Киев, Львов хотууд болон Ивано-Франковск, Житомир, Ровно, Винниц, Днепропетровск мужуудад байрлах объектууд цохилтод өртсөнийг дурджээ.
Мөн Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Южный боомт дахь нэг ачааны хөлөг болон Одессын ойролцоох өөр хоёр хуурай ачааны хөлгийг зэвсэг, цэргийн зориулалттай эд материал тээвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд эдгээр нь мөн цохилтын бай болсон гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам "Уг ажиллагаанд газрын, агаарын болон тэнгисийн суурьтай алсын тусгалтай өндөр нарийвчлалтай зэвсэг, мөн цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дрон) ашигласан" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI