Александр Лукашенко Владимир Путинтэй хийсэн уулзалтын үеэр “Их Ялалт”-ыг хэн нэгэн "уландаа гишгэх" мэт дорд үзэхийг Беларусийн ямар ч төрийн тэргүүн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр “Бид энэ ялалтыг хэнд ч өгөх боломжгүй. Энэ бол бидний ололт, бидний бахархал. Дайнд Беларусийн ард түмэн гуравны нэг хүнээ алдсан. Тиймээс ямар ч Ерөнхийлөгч Их Ялалтыг дорд үзэхийг зөвшөөрөхгүй” хэмээн онцолсон байна.
Мөн 1941 оны хүнд цаг үед Улаан талбай дээр болсон анхны цэргийн парадыг дурдаж, түүгээр бахархдагаа илэрхийлжээ. Лукашенко мөн зарим хуучин холбоотон орнууд энэ баярыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буйг шүүмжилж, Европыг "нацизмын тахал"-аас аварсан нь түүхэн том ололт байсан гэж мэдэгдсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Владимир Путин, Александр Лукашенко, Касым-Жомарт Токаев болон Шавкат Мирзиёев нар Кремльд оройн зоог барьжээ. Энэ талаар Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албатай ойр эх сурвалж Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, эхэндээ Орос, Беларусийн удирдагчид уулзаж байсан бол дараа нь Казахстан, Узбекистаны ерөнхийлөгчид нэгдэн оролцжээ. Мөн өмнө нь Владимир Путин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчидтай тус тусдаа хэлэлцээ хийсэн байна.
Эх сурвалж: TASS