Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2026.07.30/ шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй
арга хэмжээний талаар мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд шатахууны нийлүүлэлтэд тодорхой хүндрэл үүсэж, зарим шатахуун түгээх станцад дараалал бий болсон төдийгүй орон нутагт нийлүүлэлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг онцоллоо.
Тэрбээр дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтэд Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал болон ОХУ-тай холбоотой дайны нөхцөл байдал тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг дурдаад, ийм эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газар шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай бодлого хэрэгжүүлж ирснийг онцолсон юм.
Мөн Монгол Улсад шатахууны хангамжид хүндрэл үүсгэдэг гол асуудлын нэг нь агуулах савны хүчин чадал хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг хэлэв. Иймээс шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа аж.
Тэрээр, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд тогтмол өсөж байгаа хэдий ч агуулахын хүчин чадал энэ өсөлтийг даган нэмэгдэж чадахгүй байгааг дурдав. Одоогийн байдлаар төмөр замаар тээвэрлэгдэж буй шатахуунтай нийлүүлэн тооцоход улсын хэмжээнд ердөө 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой бөгөөд агуулахын багтаамж нь 30 хоногийн хэрэглээг хангах хэмжээнд байгаа юм.
Үндэсний их баяр наадмын өмнө 30 хоногийн шатахууны нөөцийг бүрдүүлсэн боловч дотоодын аялал жуулчлал эрчимжиж, шатахууны хэрэглээ төлөвлөснөөс давж өссөнөөр нөөц богино хугацаанд буурсан байна.
Иймээс хавраас эхлэн шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд БНХАУ болон БНСУ-тай хамтран ажиллаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ хийж иржээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 31 мянган тонн буюу 15 хоногийн, дизель түлшний 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөц байгаа бөгөөд энэхүү нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээлэв.
Мөн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох асуудлаар хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд онгоцны түлш нийлүүлэх талаар талууд тохиролцоонд хүрээд байгаа аж. Үүнээс гадна БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 болон АИ-95 автобензин импортлохоор төлөвлөж байгаа нь шатахууны хангамжийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой болохыг мэдээллийн үеэр онцоллоо.