АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Оросын Украины эсрэг явуулж буй дайныг дуусгаж, энх тайванд хүрэхийн тулд хэлэлцээний гацаанаас гарах 'шинэ санаа, шинэ шийдлүүд' шаардлагатай болно" гэж мэдэгджээ.

АНУ-ын дипломат бодлогын тэргүүн долдугаар сарын 23-ны пүрэв гарагт Филиппиний Манила хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан байна. Тэдний уулзалт Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны дээд хэмжээний уулзалтын үеэр болжээ.

Рубио өмнө нь дэвшүүлж байсан саналууд нь тухайн үед Украины хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан бөгөөд одоо ч хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж үзэж байгаа аж. Тэр “Түүнээс гадна эдгээр санал одоо Украины хувьд бүр ч хүлээн авахад хэцүү байж магадгүй” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Хэрэв энх тайван тогтвол энэ нь ямар нэгэн шинэ санаа, шинэ үзэл баримтлалын ачаар хэрэгжинэ. Тохиромжтой нөхцөл, хэлбэр бүрдвэл бид зарим шинэ санааг санал болгоход бэлэн байна” гэж онцлоод, “Бид энэ үүргийг эерэг байдлаар гүйцэтгэхэд бэлэн” гэжээ.

АНУ Украины дайныг зогсоохын тулд “буулт" хайсаар байх болно

Марко Рубио Лавровтой хийсэн уулзалтыг “сайн, илэн далангүй яриа” болсон гэж тодорхойлжээ. Тэр "АНУ Украины дайныг дуусгахын тулд “харилцан буулт хийх боломжийг үргэлжлүүлэн хайна” гэж мэдэгдсэн байна.

Рубио “маш их цус урсгасан дайн” болж байгааг сануулжээ. Түүний хэлснээр, Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгч байгаа бөгөөд ийм нөхцөл байдал өнгөрсөн оны сүүлээр байгаагүй аж. Үүний зэрэгцээ тэр Украин ч мөн асар их хохирол амсаж буйг онцолсон байна.

Рубио “Бид энгийн иргэд амиа алдах, Киев рүү хийсэн цохилтуудыг харсан. Энэ дайн Украинд ч ашиг авчирсангүй. Тиймээс хоёр талд дайныг дуусгах сонирхол байх ёстой гэж би үзэж байна” гэжээ. Мөн тэр Киев өөрийн агаарын орон зайг хамгаалах шаардлагатайг дурдсан байна.

Тэр “Хамгийн хэцүү зүйл бол хоёр талд хоёуланд нь нийцэх төгсгөлийг олох явдал. Бид ийм шийдэлд хүргэх буултыг олохыг оролдсон, цаашид ч оролдох болно” гэж хэлжээ.

Рубио: Бид энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна

Рубио сэтгүүлчдэд “Бид энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна. Бид дайныг дуусгахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэр үүний тулд “Орос болон Украин хоёул зөвшөөрч чадах зүйл хэрэгтэй” гэж нэмж хэлжээ.  Рубио “Энэ нь маш их ажил шаардана” гэж мэдээлсэн байна.

АНУ Украинд зэвсэг нийлүүлсээр байна

Рубио мөн АНУ НАТО-гийн “Украины хэрэгцээний тэргүүлэх жагсаалт” (PURL) санаачилгын хүрээнд Европын холбоотнуудын санхүүжилтээр Киевт зэвсэг нийлүүлж байгааг хэлжээ. Тэр “Энэ чиглэл дэх манай бодлогод ямар ч өөрчлөлт гараагүй” гэж мэдэгдсэн байна.

Лавров, Рубио нарын Манила дахь уулзалт

Өмнө нь мэдээлснээр, Лавров болон Рубио нарын хэлэлцээ ойролцоогоор 35 минут үргэлжилжээ. Оросын талаас Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Гадаад бодлогын төлөвлөлтийн газрын захирал Алексей Дробинин, ОХУ-ын АСЕАН дахь байнгын төлөөлөгч Евгений Загайнов нар оролцсон байна.

АНУ-ын талаас Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Элисон Хукер, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Серджио Гор нар оролцжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Украины дайны талаар хэлэлцэх үеэр Лавров Рубиод “байлдааны шугам дээрх бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэл” өгсөн байна.

Эх сурвалж: DW