Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долдугаар сарын 28-ны мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзжээ.
Вашингтонд хийсэн айлчлалын гол шалтгаан нь Украинд дэмжлэг үзүүлэхийг Конгресст хамгийн их дэмжиж ирсэн Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэмтэй салах ёс гүйцэтгэх явдал байсан байна. Линдси Грэм долдугаар сарын 11-нд зуурдаар нас баржээ.
Украины төрийн тэргүүний хэлснээр, Зууван танхимд болсон хэлэлцээний гол сэдэв нь цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудал байж.
Уулзалт хаалттай хаалганы цаана болж, нэг цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн ч шинжээчдийн үнэлгээгээр хамгийн чухал зүйл нь тодорхой тохиролцоонууд бус, харин уулзалтын уур амьсгал байжээ.
Зеленский өөрийн цахим хуудастаа нийтэлсэн Цагаан ордны зургууд дээр уулзалтад оролцогчид бүгд инээмсэглэж, найрсаг харагдаж, эерэг байр суурьтай байсан аж
Украины Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчтэй Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин-саатуулагч үйлдвэрлэх лиценз, мөн "тусалж болох зарим бусад санаанууд"-ын талаар ярилцсан гэж мэдэгджээ. Мөн дипломат үйл явцыг эрчимжүүлэх асуудал хөндөгдсөн байна.
Зеленский Цагаан ордноос гарсны дараа "Зууван танхимд Ерөнхийлөгч Трамптай сайхан уулзалт хийлээ. Украины иргэдийн амь насыг хамгаалах, энх тайванд хүрэхийн төлөө хамтран хийж буй бүх зүйлд баярлалаа" гэж цахим сүлжээндээ бичжээ.
Трампад Зеленскийтэй уулзах ашигтай болсон уу?
"Украины призма" шинжилгээний төвийн гадаад бодлогын шинжээч, Киев-Могилян академийн багш Александр Краев "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн найрсаг яриа хэлэлцээ бүр Киевийн хувьд ашигтай" гэж үзэж байгаа аж
Түүний хэлснээр, Трамп одоо Украинд өмнөхөөсөө илүү их эерэг хандлагатай болсон бөгөөд үүнийг өөрт нь ашигтай гэж хэлжээ.
Краев DW-д өгсөн ярилцлагадаа "Орос хэлэлцээг саатуулсаар, хэвийн дипломат ажиллагаанд орохгүй байхын тулд бүхнийг хийж байна. Харин Украин Оросын дайныг үргэлжлүүлэх мөнгө, боломжийг нь дуусгаж, түүнийг хэлэлцээний ширээнд суулгахын тулд бүхнийг хийж байна" гэж хэлсэн байна.
Шинжээчийн үзэж буйгаар, хоёр талын байр суурийн ялгаа нь Украиныг Трампын хувьд илүү сонирхолтой түнш болгож байна. Учир нь, Киев хамтран ажиллах, байр сууриа өөрчлөх, боломжит буулт хийхэд бэлэн болохоо харуулж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Украин "Бидэнтэй ажиллаж болно, ажиллах хэрэгтэй" гэсэн дохиог өгч байна" гэж Краев тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар, энэ байр суурь тодорхой үр дүн авчирч эхэлжээ. Тухайлбал: Цагаан ордон Грэм-Блюменталийн хоригийн хуулийн төслийг дэмжсэн, Трамп нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн, Пентагон Украинд санхүүжилт хуваарилж эхэлсэн.
Краев гэхдээ үйл явц удаан, асуудалтай байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр "Гэхдээ хамгийн чухал нь үйл явц хөдөлж эхэлсэн явдал. Тиймээс энэ уулзалтын гол үнэ цэн имижийн шинжтэй. Трампын хувьд Украин болон Зеленскийн талаар эерэг дүр төрх бүрдүүлж байна" гэжээ.
Мөн шинжээч Америкийн MAGA хөдөлгөөний нөлөө бүхий идэвхтэн Лора Лумерын саяхны Киевт хийсэн айлчлалыг үүнтэй холбон тайлбарласан байна. Краев "Трампын анхаарал төвлөрөх хугацаа маш богино байдаг учраас бид түүний мэдээллийн орчинд идэвхтэй, харагдахуйц байх хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ нь бидэнд болж байна" гэжээ.
Цагаан ордонд талууд юу ярилцсан бэ?
Хэлэлцээний нарийн агуулгын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байгаа аж. Гэхдээ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс харахад хоёр гол асуудал яригдсан гэж Александр Краев үзжээ.
1. Зэвсгийн үйлдвэрлэл, худалдан авалтын хамтын ажиллагаа
Трампын засаг захиргаа Украинд зэвсгийг шууд зүгээр өгөхөд бэлэн биш хэвээр байгаа тул Европт зэвсгийн үйлдвэрлэл явуулах боломж бүрдүүлэх, Patriot системийн пуужинг лицензээр үйлдвэрлэх, хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэх асуудал яригдсан байх магадлалтай.
2. Энх тайвны хэлэлцээний үйл явц
Энэ нь эхний асуудалтай холбоотой бөгөөд Украин өөрийгөө дайныг амжилттай дуусгахыг эрмэлзэж буй тал гэж харуулахыг хичээж буй аж. DW-ийн Вашингтон дахь сурвалжлагч Украины өндөр албан тушаалтны мэдээллээс эш татан уламжилснаар Трамп, Зеленский нарын уулзалт: "маш практик шинжтэй" болжээ.
Одоо Украины тал АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Жаред Кушнер нарыг Киевт айлчлан ирж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүлээж байгаа аж.
Ирантай холбоотой тоглолтод Украин яагаад хэрэгтэй болсон бэ?
Үндэсний стратегийн судалгааны хүрээлэнгийн Гадаад бодлогын судалгааны төвийн ахлах зөвлөх Иван Усийн үзэж буйгаар, Зеленский, Трамп нарын уулзалт Украины АНУ-тай харилцах байр суурийг эрс өөрчилж буй хэд хэдэн үйл явдлын дараа болсон байна.
Тэдгээрээс хамгийн чухал нь Ираны чиглэл бөгөөд энэ нь Украиныг Вашингтоны хувьд стратегийн нэмэлт ач холбогдолтой болгожээ.
Долдугаар сарын 25-нд Украины хүчин Каспийн тэнгист Иран, Оросын хооронд цэргийн ачаа тээвэрлэж байсан гэж Украины Аюулгүй байдлын алба мэдээлсэн хөлгүүд Оросын пуужингийн завь руу цохилт өгсөн байна. Энэ үйл явдал Тегераны хүчтэй хариу үйлдэл дагуулж, Украинд цохилт өгөх хүртэл заналхийлэл гарчээ.
Иван Усийн хэлснээр, энэ явдал Украиныг АНУ-ын Ираны эсрэг өргөн хүрээний стратегийн нэг хэсэг болгож байгаа аж. Шинжээч үүнийг газарзүйн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Тэр "АНУ болон Израиль Иранд голчлон өмнөд чиглэлээс дарамт үзүүлэх боломжтой бол хойд чиглэлд Украин чухал үүрэг гүйцэтгэж чадна" гэж үзжээ.
Энэ хүрээнд Трампын Зеленский болон Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай хийх уулзалтууд ойрмогхон товлогдсон нь ажиглагчдад "АНУ-Израиль-Украины шинэ боломжит эвсэл"-ийн дүр зураг харагдуулах болсон байна.
Энэхүү гурван талын нийтлэг асуудал нь Ирантай холбоотой гэж шинжээчид үзэж буй бөгөөд Иван Усийн таамгаар, энэ сэдэв Зеленский, Трампын уулзалтын үеэр яригдсан, цаашид Израилийн талтай хийх хэлэлцээний нэг хэсэг болох магадлалтай аж.
Эх сурвалж: DW