Оросын агаарын байнуудыг саатуулах байлдааны даалгавар гүйцэтгэж явсан Украины Зэвсэгт хүчний (УЗХ) Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоц долдугаар сарын 29-ний лхагва гарагт осолдсон байна.

Украины Агаарын цэргийн хүчин "Урьдчилсан мэдээллээр, онгоцонд хэвийн бус нөхцөл байдал үүссэн тул нисгэгч катапульт ашиглан онгоцноос үсрэхээс өөр аргагүй болсон" гэж мэдээлжээ.

Украины цэргийнхэн "Нисгэгчийг амжилттай авран эмнэлэгт хүргэж, үзлэг, оношилгоонд хамруулсан байна. Онгоц унасан газрын орчимд энгийн иргэдийн дунд хүний амь эрсэдсэн, эсвэл эд хөрөнгийн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй" гэж мэдэгдсэн байна.

Ослын газарт шинжээчид болон хууль хяналтын байгууллагынхан ажиллаж буй бөгөөд хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа ажээ. 

Украины алдсан дөрөв дэх F-16

Украин улс Америкт үйлдвэрлэсэн анхны 10 ширхэг олон зориулалттай F-16 сөнөөгч онгоцыг 2024 оны наймдугаар сарын эхээр Дани, Нидерландын тэргүүлсэн Европын орнуудын эвслээс хүлээн авсан.

Тухайн үед 2024 оны эцэс гэхэд дахин 20 F-16 нийлүүлж, 2025 оны турш Украины Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд нийт 79 онгоцтой болно гэж мэдээлж байв. Украины нисгэгчид F-16 онгоцыг жолоодох сургалтад АНУ-д хамрагдсан байна.

2024 оны наймдугаар сарын 29-нд Украин улс Оросын өргөн хүрээтэй пуужингийн довтолгоог няцаах үеэр анхны F-16 сөнөөгч онгоцоо алдсанаа мэдэгдэж байв. Тухайн онгоцны нисгэгч Алексей Месь амь үрэгдсэн.

2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд байлдааны үүрэг гүйцэтгэж байхдаа хоёр дахь F-16 онгоц осолдсон тухай мэдээлэл гарсан. Уг ослоор амь үрэгдсэн нисгэгч Павел Ивановт, мөн өмнө нь амиа алдсан Алексей Месьтэй адил Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нас барсны дараа "Украины баатар" цол хүртээжээ.

Мөн 2025 оны тавдугаар сарын 16-нд Оросын дроны довтолгоог няцаах ажиллагааны үеэр дахин нэг F-16 онгоц алдагдсан байна.

F-16-гийн ач холбогдол

Германы dpa агентлагийн онцолсноор, барууны орнуудаас нийлүүлсэн эдгээр F-16 сөнөөгч онгоц нь Оросын түрэмгийлэл үргэлжилж буй нөхцөлд Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд онгоц бүрийн алдагдал Украины Зэвсэгт хүчинд мэдэгдэхүйц гарз хохирол болж байгаа аж. 

Эх сурвалж: DW