Иран улс зуучлагч Пакистанаар дамжуулан АНУ-тай хэлэлцээг сэргээх шинэ төлөвлөгөө хүргүүлсэн талаар Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг тавдугаар сарын 1-ний баасан гарагт мэдээлжээ. Харин Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Анна Келли AFP агентлагт “Бид нууц дипломат хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүй” гэж ярьжээ.
Тэрбээр мөн Иран улс “хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй”-г онцолж, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын богино болон урт хугацааны ашиг сонирхлыг хангах зорилгоор хэлэлцээ үргэлжилж байгаа талаар мэдэгдсэн байна.
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Ираны нутаг дэвсгэрт цохилт өгснөөр Ирантай холбоотой дайн эхэлсэн. Үүний хариуд Тегеран Израиль, Персийн булангийн хэд хэдэн улс болон бүс нутаг дахь Америкийн объектууд руу довтолсон. Дөрөвдүгээр сарын эхээр гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч түүнээс хойш мөргөлдөөнийг зохицуулах үйл явц огт урагшлаагүй байна.
Хэлэлцээ гацсан хэвээр
Хэлэлцээний цорын ганц үе шат дөрөвдүгээр сарын 11-нд Пакистанд болсон ч ямар ч үр дүнд хүрээгүй.
Стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолой өнөөдрийг хүртэл Ираны цэргийн хүчний хяналтад, бараг хаалттай хэвээр байгаа бол АНУ Ираны боомтуудад тэнгисийн хориг үргэлжлүүлсээр байна.
Энэ долоо хоногийн эхээр Тегеран мөргөлдөөнийг зохицуулах шинэ санал гаргасан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг саналыг няцаажээ.
Америкийн “Axios” сайтын мэдээлснээр (IRNA үүнээс иш татсан), Иран өмнө нь цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг хойшлуулах санал тавьж байжээ.
Ираны цөмийн хөтөлбөр нь АНУ болон Израилийн хувьд гол маргаантай асуудал хэвээр байна. Эдгээр улсууд Тегераныг атомын зэвсэг бүтээхийг зорьж байна гэж буруутгадаг бол Иран цэргийн зориулалттай цөмийн судалгаа явуулж байгаа гэх мэдээллийг няцаасаар иржээ.
Эх сурвалж: DW