Financial Times (FT) сонин долдугаар сарын 29-ний лхагва гарагт "Украины Зэвсэгт хүчин (УЗХ)-ий Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх ажиллагаанд АНУ болон Францын өгсөн тагнуулын мэдээлэл бай сонгох ажлыг нь илүү оновчтой болгоход тусалсан" гэж мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, АНУ, Францын өгсөн мэдээлэлд тулгуурлан Украины төлөвлөгчид Оросын эрчим хүчний системийн нарийвчилсан газрын зургийг боловсруулж, системийн хамгийн чухал зангилаануудыг тодорхойлсон байна. Эдгээр зангилаанд гэмтэл учирвал эрчим хүчний сүлжээний томоохон хэсгийн ажиллагаа саатах эрсдэлтэй аж.
Үүний дараа Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд (дронууд) голчлон эдгээр чухал цэгүүд болон солиход хамгийн хүндрэлтэй тоног төхөөрөмжийг онилон цохилт өгч байгаа нь зорилготой, уялдаа холбоотой стратеги гэж Украины Зэвсэгт хүчний эх сурвалж FT-д ярьжээ.
Дрон удирдагчдын мэдээлэл болон Financial Times-ийн хийсэн хиймэл дагуулын зураглалын дүн шинжилгээнээс үзэхэд, Украины нисгэгчгүй системийн хүчнийхэн нэгэн ижил чухал тоног төхөөрөмжийг бүрэн засварлаж дуусахаас нь өмнө дахин дахин онилон цохилт өгч байгаа нь тухайн байгууламжийн ажиллагааг сэргээхэд саад болж байгаа аж.
Мөн АНУ, Францын тагнуулын мэдээлэл нь Украины Зэвсэгт хүчинд Оросын агаарын довтолгооноос хамгаалах (ПВО) системийг тойрон гарах арга замыг илүү сайн боловсруулахад тусалсан гэж тус сонин Украины цэргийн эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Барууны түншүүдээс авсан мэдээллийн ачаар тэд Оросын Агаарын довтолгооноос хамгаалах системийн байршлын зургийг гаргаж, дронуудыг хамгаалалтын бүсийг тойруулан нисгэж, Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлах байнууддаа хүргэх боломжтой нислэгийн чиглэлүүдийг тодорхойлсон байна.
Украины эрчим хүчний дэд бүтцэд өгсөн цохилтууд
Сүүлийн өдрүүдэд Украины цэргийнхэн Оросын эрчим хүчний дэд бүтцийн хэд хэдэн байгууламжид дроноор цохилт өгсөн байна. Тухайлбал, долдугаар сарын 20-нд Москва мужийн Подольск хотын нефтийн агуулах өртсөн бол, 25-нд өмнө нь мөн дроны халдлагад өртөж байсан Тюмений нефть боловсруулах үйлдвэрийг онилжээ.
Харин Украины хариу цохилтоос ар талын чухал дэд бүтцийн байгууламжуудаа хамгаалахын тулд Оросын бүс нутгийн эрх баригчид болон Газпром зэрэг томоохон эрчим хүчний компаниуд хөдөлгөөнт галын бүлгүүд байгуулж эхэлсэн байна. Эдгээр нь пулемётоор зэвсэглэсэн, пикап автомашинаар хөдөлдөг жижиг нэгжүүд бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг устгах үүрэгтэй аж.
Эх сурвалж: DW