Дэлхийн зах зээл дээр алтны ханш сүүлийн үед хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байна. Үнэт металлын үнэ түүхэн өндөр түвшинд хүрсний дараа бага зэрэг хөдөлгөөн хийж байгаа ч нэг унци алт 4000 ам.долларын орчимд хадгалагдаж, зах зээлд хүчтэй байр сууриа алдаагүй байна. Энэ талаар бид өнөөдөр "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар, алтны үнийн хөдөлгөөн зөвхөн үнэт металлын эрэлт, нийлүүлэлтээс бус, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, төв банкуудын бодлого, геополитикийн эрсдэлтэй шууд холбоотой байна.

Сүүлийн үеийн мэдээллүүдээр, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого алтны ханшид хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл болоод буй юм. Хөрөнгө оруулагчид АНУ-ын төв банк цаашид зээлийн хүүгээ хэрхэн өөрчлөхийг анхааралтай ажиглаж байгаа аж.

Алт өөрөө хүүгийн орлого өгдөггүй хөрөнгө тул зээлийн хүү өндөр байх үед хөрөнгө оруулагчид бонд зэрэг тогтмол орлоготой активыг илүүд үзэх хандлагатай байдаг. Харин хүү буурах хүлээлт нэмэгдэх үед алтны эрэлт өсөх боломжтой билээ.

Алтны ханш өсөхөд нөлөөлж буй бас нэг том хүчин зүйл бол дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал юм. Инфляц өндөр хэвээр байх, улс орнуудын хоорондын худалдааны маргаан нэмэгдэх, геополитикийн зөрчил хурцдах үед хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө хайдаг. Ийм үед олон зуун жилийн турш үнэ цэнээ хадгалж ирсэн алт “аюулгүй хөрөнгө” гэсэн байр сууриа дахин баталдаг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа нь зах зээлд хүчтэй дэмжлэг болж байна. Төв банкууд валютын эрсдэлийг бууруулах, санхүүгийн нөөцөө төрөлжүүлэх, ам.доллараас хэт хамааралтай байдлаа багасгах зорилгоор алт худалдан авсаар буй юм. Ялангуяа хөгжиж буй орнуудын төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь урт хугацаанд алтны эрэлтийг тогтвортой байлгах хүчин зүйл болж байна.

Гаднын шинжээчдийн үзэж буйгаар, алтны зах зээл одоогийн байдлаар хоёр өөр чиглэлийн нөлөөллийн дунд байгаа аж. Нэг талаас дэлхийн эдийн засгийн эрсдэл, төв банкуудын алт худалдан авалт, инфляцын болгоомжлол зэрэг нь үнийг дэмжиж буй бол нөгөө талаас ам.долларын ханшийн хөдөлгөөн, АНУ-ын өндөр хүү, эдийн засгийн өсөлтийн төлөв зэрэг нь алтны өсөлтийг хязгаарлаж буй юм.

Алтны олборлолтын нөхцөл байдал ч үнийн ирээдүйд чухал нөлөөтэй. Алт байгальд хязгаарлагдмал хэмжээтэй оршдог металл бөгөөд шинэ орд илрүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэхэд олон жил шаардагддаг. Тиймээс эрэлт огцом өссөн үед нийлүүлэлт хурдан нэмэгдэх боломж хязгаарлагдмал байдаг нь алтны үнийг дэмждэг гол хүчин зүйлүүдийн нэг юм.

Монгол Улсын хувьд алтны зах зээл онцгой ач холбогдолтой. Манай улс уул уурхайн салбар түшиглэсэн эдийн засагтай бөгөөд алтны экспорт нь валютын орлого, гадаад худалдааны үзүүлэлтэд тодорхой нөлөө үзүүлдэг.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөх үед олборлогч компаниудын орлого нэмэгдэх, улсын төсөвт төвлөрөх орлого өсөх боломжтой байдаг. Гэхдээ алт олборлолт нь байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудлыг зайлшгүй хамтад нь авч үзэх шаардлагатай салбар юм.

Алтны ирээдүйн ханшийг яг тодорхой хэлэх боломжгүй ч олон шинжээч алт урт хугацаанд үнэ цэнээ хадгална гэж үзэж байна. Хэрэв дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал үргэлжилж, төв банкууд алт худалдан авсаар байвал алтны эрэлт өндөр хэвээр байх боломжтой. Харин АНУ-ын доллар хүчирхэгжиж, зээлийн хүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдвал алтны ханшид богино хугацааны дарамт үүсч болзошгүй юм.

Ерөнхийдөө алтны өнөөгийн зах зээл нь дэлхийн эдийн засгийн айдас, хөрөнгө оруулагчдын итгэл, төв банкуудын бодлогын огтлолцол дээр байна. Алт бол зөвхөн үнэт эдлэл үйлдвэрлэхэд ашиглагддаг металл биш, дэлхийн санхүүгийн тогтолцооны чухал хамгаалалтын хэрэгсэл хэвээр буй.

Эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэх тусам алтны үнэ анхаарлын төвд байх бөгөөд хөрөнгө оруулагчид энэ үнэт металлыг ирээдүйд ч хамгаалалтын гол хөрөнгийн нэг гэж үзсээр байх төлөвтэй байна.

Эх сурвалж: REUTERS, CNBC, WORLD GOLD COUNCIL