Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-д байх үеэрээ Путин "Украины дайны санаачилгыг алдсан" гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Украинд одоо цэргийн үйлдвэрлэлийн салбарт “маш хүчирхэг” технологи бүтээж буй 500 орчим компани ажиллаж байгаа аж.

Зеленский "Эдгээр технологи нь Украины талд цэргүүдийнхээ амь насыг хамгаалахад тусалж буй бол харин Орос улс сар бүр 30 мянган цэрэг алдаж байна" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Украины удирдагч “Орос улс их хэмжээний хохирол амсаж байгаа ч Владимир Путин дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Тиймээс санаачилга Путины гарт биш байна” гэж ярьжээ. Мөн тэрбээр “Бид Путинээс илүү хурдан байх хэрэгтэй. Учир нь, Путинд хүн хүч илүү их байна. Харин бид хүмүүсээ хамгаалж, тэднээс илүү технологи ашиглах хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.

Украин алсын тусгалтай зэвсгээр Оросын объектуудыг онилж байгаа талаар

Украин улс Оросын хилээс алслагдсан бүс нутаг болон өөртөө нэгтгэсэн Крым дэх объектууд руу цохилт өгч байгаа талаар Зеленский тайлбарлахдаа "Украины цэргийн чадавх нэмэгдэж, алсын тусгалтай зэвсэг ашиглах боломжтой болсон нь Киевт Москвагаас санаачилгыг буцаан авах боломж олгосон" гэж онцолжээ.

Зеленский: Путин энхийн хэлэлцээ хийх сонирхолгүй байна

Зеленскийн хэлснээр, Киев гал зогсоох тохиролцоонд хүрэхийг эрмэлзсээр байгаа бөгөөд энэ нь цаашдын энхийн гэрээ байгуулах үндэс болж чадах аж. Гэвч тэр "ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ямар ч хэлбэрийн яриа хэлэлцээнд сонирхолгүй байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Зеленский “Бид өдөр бүр энэ дайныг зогсоохыг хүсэж байна. Түр хугацаанд гал зогсоож, дипломатууд хэлэлцээ хийх боломж олгохыг санал болгож байна. Гэвч Путин үүнийг хүсэхгүй байна. Энэ бол түүний асуудал” гэжээ.

Украины РБК-Украина хэвлэл эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, ойрын хэдэн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Киевт очиж, Украины дайныг дипломат аргаар зохицуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа аж..

Зеленскийн АНУ дахь айлчлал ба Трамптай хийсэн уулзалт

Владимир Зеленский долдугаар сарын 28-нд Вашингтонд очжээ. Тэр өдөр түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.  Уулзалт хаалттай хэлбэрээр болж, нэг цаг гаруй үргэлжилжээ.

Дараа нь Зеленский Telegram сувгаар "Трамптай 'сайн уулзалт' хийсэн, Patriot системийн пуужин саатуулагч үйлдвэрлэх лиценз, Украины дайныг дуусгах дипломат хүчин чармайлт, дипломат үйл явцыг хэрхэн эрчимжүүлэх талаар ярилцсан" гэж мэдээлсэн байна.

Харин Трамп Truth Social сүлжээнд “Украины Ерөнхийлөгчтэй уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Олон асуудал хэлэлцсэн. Уулзалт маш сайн болсон!” гэж бичсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Линдси Грэмийн оршуулгын ёслол ба Орост чиглэсэн шинэ хориг

Зеленский Вашингтонд байх үеэрээ Украиныг дэмждэг байсан Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэмийн салах ёс гүйцэтгэх ёслолд оролцжээ. Линдси Грэм Киевт нас барахаасаа ердөө нэг өдрийн өмнө очиж байсан бөгөөд Оросын эсрэг шинэ хоригийн хуулийн төслийг санаачлагчдын нэг байсан байна.

Долдугаар сарын 28-ны орой АНУ-ын Сенат процедурын санал хураалтаар Орос болон Иранд чиглэсэн шинэ хоригийн хуулийн төслийг цааш хэлэлцэхийг зөвшөөрчээ.

Эх сурвалж: DW