Оросын Зэвсэгт хүчин долдугаар сарын 29-нд шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт дахин томоохон хэмжээний дроны цохилт өгчээ.

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний Telegram хуудаст нийтэлсэн мэдээллээр, Оросын тал Shahed, "Гербера", "Италмас" төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, "Бандероль" тэнүүчлэгч сум, мөн "Пародия" төрлийн дуураймал дрон зэрэг нийт 80 нисгэгчгүй төхөөрөмжөөр Украин руу халдсан байна.

Эдгээр дроныг ОХУ-ын Брянск, Курск, Орёл, Приморско-Ахтарск, мөн Оросын хяналтад буй Донбассын хэсэг болон Крымийн Гвардейское суурингаас хөөргөжээ.

Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчний урьдчилсан мэдээллээр, 65 дроныг улсын хойд, өмнөд болон зүүн бүсэд амжилттай устгасан байна. Гэвч 14 цохилтын дрон 10 байршилд онож, устгагдсан дронуудын хэлтэрхий хоёр газарт унасан гэж Украины Зэвсэгт хүчин мэдээлжээ.

Мөн Оросын дроны довтолгоо долдугаар сарын 29-ний өдөр ч үргэлжилсэн бөгөөд Одесса, Полтава, Харьков мужууд болон Кривой Рог хотыг чиглэсэн шинэ халдлагын аюул зарлагдсан байна.

Херсонд нэг хүн нас барж, Сумы мужид улаанбуудайн талбай шатжээ

Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудины мэдээлснээр, Shahed дрон орон сууцны барилгыг онилсны улмаас хүнд шархадсан 58 настай эрэгтэй эмнэлэгт нас баржээ. Тэр "Эмч нар түүний амийг аврахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн ч авсан шарх нь амь насанд үл нийцэх хүнд байсан" гэж мэдэгдсэн байна.

Мөн уг халдлагын улмаас дор хаяж гурван хүн дунд зэргийн гэмтэл авч шархаджээ. Өмнөх өдөр нь Херсон хотод мөн нэг хүн амь үрэгдсэн байна.

Харин Украины Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, Оросын цэргүүд Сумы мужийн 24 сууринг агаарын удирдлагатай бөмбөг, цохилтын дрон, FPV дрон болон их буу, миномётоор бууджээ.

Энэхүү халдлагын улмаас 62 настай эмэгтэй шархадсан бөгөөд олон нийтийн болон иргэний дэд бүтэц, хувийн орон сууц, шатахуун түгээх станц, аж ахуйн барилга, мал аж ахуйн фермүүд эвдэрч сүйдсэн аж. Мөн дайралтын улмаас улаанбуудайн тариалангийн талбай галд автаж шатсан гэж Украины Үндэсний цагдаагийн газар мэдээлсэн байна.

Эх сурвалж: DW