Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан газ тээвэрлэж явсан автомашины дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.07.29) товлогдсон ч хойшиллоо.
Тодруулбал, их хэмжээний шингэрүүлсэн шатдаг хий (LPG) тээвэрлэж явсан автомашин Nissan Patrol маркийн суудлын автомашинтай мөргөлдөн, улмаар хий алдагдаж хүчтэй дэлбэрэлт болсон юм.
Ослын улмаас хүний амь нас эрсдэж, олон хүн бэртэж гэмтэн, ойр орчмын орон сууц, автомашин болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан. Энэхүү хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, ослын шалтгаан, хариуцлагын асуудал өргөн хүрээнд яригдаж байсан билээ.
Тус хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр хэлэлцэхээр товлосон байсан ч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хойшилсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэргийг даргалахаар томилогдсон шүүгч М.Одбадрах өмнө нь энэ хэрэгт прокуророор ажиллаж байсан гэх үндэслэлээр хэрэгт оролцогч талууд шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ.
Шүүх уг хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр шүүх хурлыг хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хурлын товыг дахин зарлах юм байна.