Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний таван сарын байдлаар 7.3 хувиар өсөж, өсөлтийг уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарууд голлон дэмжжээ. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэлийн эрчим өндөр хэвээр хадгалагдаж, нүүрс болон зэсийн баяжмалын олборлолт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болсон байна.

Эдийн засгийн өсөлтийн бүтцээс харахад, экспортын өсөлт болон өрхийн хэрэглээ голлох дэмжлэг үзүүлсэн бол хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн хуримтлалын бууралт өсөлтийг сааруулах нөлөө үзүүлжээ.

Уул уурхай эдийн засгийн өсөлтөд тэргүүлэв

2026 оны тавдугаар сарын байдлаар уул уурхайн салбарын үйлдвэрлэл 29.2 хувиар өсөж, нийт эдийн засгийн өсөлтийн 3.7 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Үүнд нүүрс олборлолт, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлжээ.

Тухайлбал нүүрсний олборлолт 50.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 972 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар нэмэгдсэн байна.

Уул уурхайн салбарын өсөлт нь экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны идэвхийг эрчимжүүлэхэд гол нөлөө үзүүлжээ.

Хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтвортой байна

Хөдөө аж ахуйн салбар 2026 оны тавдугаар сард 11.5 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 1.5 нэгж хувийг бүрдүүлжээ. Өвөлжилт харьцангуй хэвийн байсан ч хаврын саруудад зарим нутгаар цас, шороон шуургатай хүйтэн нөхцөл үүссэн байна.

Энэ хугацаанд бойжсон төл малын тоо 14 саяд хүрсэн, төл бойжилтын хувь 98.9 хувь байсан. Гэвч өмнөх оны мөн үетэй харьцуулахад бойжсон төлийн тоо 820 мянгаар буурсан, том малын зүй бус хорогдол 230.8 мянган толгой болж, өмнөх оноос 114 мянгаар нэмэгдсэн байна.

Иймээс хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн эрчим цаашид бага зэрэг саарах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулав.

Экспорт эдийн засгийн өсөлтийн гол түшиц болов

Эрэлт талаас авч үзвэл, эдийн засгийн өсөлтийг цэвэр экспорт болон өрхийн хэрэглээ голлон дэмжжээ. Нийт өсөлтийн 16.6 нэгж хувийг цэвэр экспорт, 6.4 нэгж хувийг өрхийн хэрэглээ бүрдүүлсэн байна. Харин үндсэн хөрөнгийн хуримтлалын бууралт эдийн засгийн өсөлтийг 15 нэгж хувиар сааруулжээ.

2026 оны эхний таван сарын байдлаар өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн, төрийн хэрэглээ 9.7 хувиар нэмэгдсэн, харин үндсэн хөрөнгийн хуримтлал 16.6 хувиар буурсан байна. Үндсэн хөрөнгийн хуримтлал буурахад машин, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт өмнөх оноос 34.8 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ бараа, үйлчилгээний экспорт өмнөх оноос 44.8 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтийг хүчтэй дэмжсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл огцом нэмэгдэв

2026 оны зургадугаар сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 35.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 55.9 хувиар өссөн байна. Үүнд уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлт хамгийн их нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 80 хувийг уул уурхайн салбар, үүний 40 орчим хувийг нүүрсний олборлолт бүрдүүлж байна.

Зургаадугаар сарын байдлаар нүүрсний олборлолт 61 сая тонн болж, өмнөх оноос 48.7 хувиар өссөн, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.163 сая тонн болж, 20 хувиар нэмэгдсэн бол төмрийн хүдэр, баяжмалын үйлдвэрлэл 4.1 сая тонн болж, 21.7 хувиар өссөн байна.

Харин газрын тос олборлолт өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурчээ.

Боловсруулах үйлдвэрлэлд бууралт ажиглагдав

Уул уурхайн салбар өсөлттэй байсан ч боловсруулах үйлдвэрлэлийн бодит үйлдвэрлэл 2026 оны зургадугаар сард 0.3 хувиар буурсан байна. Үүнд мах боловсруулах үйлдвэрлэл; гурилын үйлдвэрлэл, ундааны үйлдвэрлэл, металл боловсруулах үйлдвэрлэлийн бууралт нөлөөлжээ.

Тухайлбал боловсруулсан махны үйлдвэрлэл 52.5 хувиар буурсан, гурилын үйлдвэрлэл 2.5 хувиар буурсан, согтууруулах болон согтууруулах бус ундааны үйлдвэрлэл 6.7 хувиар буурсан байна.

Харин эерэг үзүүлэлттэй салбарын нэг нь ноолуурын үйлдвэрлэл байв. Самнасан ноолуурын үйлдвэрлэл 1,074 тонн болж, өмнөх оны мөн үеэс 46.4 хувиар өссөн байна.

Барилгын салбарын үйлдвэрлэлийн гол орцууд нэмэгджээ

Барилгын салбарын үндсэн түүхий эд болох цемент, металл бүтээгдэхүүн, вакум цонх, хаалганы үйлдвэрлэл өссөн байна. 2026 оны зургаадугаар сарын байдлаар:

Цементийн үйлдвэрлэл 1.018 сая тонн болж, өмнөх оноос 23.6 хувиар өссөн;
Металл бэлдэц, цувимал бүтээгдэхүүн 38.4 мянган тонн болж, 1.6 хувиар нэмэгдсэн;
Вакум цонх, хаалганы үйлдвэрлэл 19.5 мянган м.кв болж, 11.6 хувиар өссөн байна. Харин катодын зэсийн үйлдвэрлэл 17.5 хувиар буурчээ.

Тээвэр, үйлчилгээний салбар сэргэж байна

Нүүрсний экспорт, тээвэрлэлтийн өсөлтийг даган тээврийн салбарын идэвх нэмэгдсэн байна. 2026 оны зургаадугаар сарын байдлаар, төмөр замаар 30.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 47.2 хувийн өсөлттэй, авто замын ачаа тээвэр эхний улиралд 28.6 сая тонн болж, өмнөх оноос 55.1 хувиар өссөн байна.

Худалдаа, үйлчилгээний салбар мөн өсөлттэй байлаа. 2026 оны тавдугаар сард:

Худалдааны салбарын борлуулалтын орлого 27 их наяд төгрөгт хүрч, нэрлэсэн дүнгээр 9.5 хувиар өссөн;
Зочид буудлын салбарын орлого 13.5 хувиар нэмэгдсэн;
Нийтийн хоолны салбарын орлого 9.1 хувиар өссөн байна.
Монголд ирэх жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

2026 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын хилээр орсон жуулчдын тоо 417.7 мянгад хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд хагас жилийн байдлаарх Монгол Улсын аялал жуулчлалын түүхэн дээд хэмжээ болов.