Каспийн тэнгис нь Иран болон түүний эсрэг байр суурьтай орнуудын хооронд өсөн нэмэгдэж буй мөргөлдөөний нөлөөнд татагдан орж буй хамгийн сүүлийн бүс нутаг болж байна. Үүний гол шалтгаан нь Каспийн тэнгис Иран, Оросын харилцаа улам гүнзгийрэх стратегийн чухал зам болж байгаатай холбоотой аж.
Украин улс өнгөрсөн амралтын өдөр дэлхийн хамгийн том дотоод усан сан болох Каспийн тэнгист Оросын хоёр хөлөг онгоц руу дроноор цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Киевийн мэдээлснээр, эдгээр хөлөг онгоц нь Иранаас Оросын боомт руу цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж явсан аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт X платформд нийтлэхдээ халдлагын бай болсон объектуудын дунд “Иранаас цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж байсан хөлөг онгоцууд болон байлдааны хөлөг” багтсан гэж мэдэгдсэн байна. Украины Аюулгүй байдлын алба дараа нь уг байлдааны хөлгийг Оросын пуужинтай завь байсан гэж тодорхойлжээ.
Харин Иран улс өөр байр суурь илэрхийлж, төмрийн хүдэр тээвэрлэж явсан өөрийн худалдааны хөлөг онгоц халдлагад өртсөн гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас нэг далайчин амиа алдаж, гурван хүн шархаджээ.
Ираны тал хөлөг онгоцны нэрийг тодорхой болгоогүй ч ОХУ-ын Астрахань боомтоос Ираны Анзали боомтыг чиглэн явж байсан гэж мэдээлсэн байна. Ираны бүс нутгийн захирагч Хади Хаг-Шенас Анзали боомтыг “хоёр боомтын хооронд худалдаа хийх аюулгүй, найдвартай коридор” хэмээн тодорхойлжээ.
Мөргөлдөөн үүгээр дууссангүй. Даваа гарагт Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи “Украины аюултай адал явдалт үйлдлийг бид хариу арга хэмжээ авахгүй өнгөрөөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Иран дахь Украины түр хамаарагчийг Гадаад хэргийн яаманд дуудаж, уг үйл явдлын талаар тайлбарлахыг шаарджээ.
Каспийн тэнгис хаана байрладаг, яагаад чухал вэ?

Каспийн тэнгис Иран, Орос зэрэг таван улстай хиллэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд геополитикийн хувьд улам чухал ач холбогдолтой болж байна. Персийн булан болон Оманы булан дахь Ираны боомтуудад хязгаарлалт нэмэгдсэнээр Каспийн тэнгис нь Ираны худалдааны шинэ чухал гарц болжээ.
Венад төвтэй Eurasian Nexus Partners зөвлөх компанийн удирдах түнш Бижан Хажехпур “Каспийн тэнгис нь Иранд худалдааны төрөлжсөн стратеги хэрэгжүүлэх боломж олгож байна.
Ялангуяа Орос, Кавказ, Төв Ази, Хятад болон Зүүн Европын чиглэлд худалдаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар, Каспийн чиглэл нь Ираны өмнөд далайн гарцыг орлох бус, харин нэмэлт стратегийн зам болжээ.
Каспийн тэнгисээр, Оросын үр тариа, ган зэрэг олон төрлийн ачаа тээвэрлэгддэг. Иран энэ бүсэд Анзали зэрэг хэд хэдэн томоохон боомт хөгжүүлсэн байна. Мөн Казахстаны газрын тос, байгалийн хий Каспийн тэнгисээр дамжин Хар тэнгисийн боомтууд руу тээвэрлэгддэг.
Оросын хувьд Каспийн тэнгис Төв Ази болон Ирантай холбогдох чухал зам бөгөөд Тегерантай байгуулсан стратегийн түншлэлийн нэг хэсэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засаг, цэрэг, цөмийн эрчим хүч болон газрын тосны салбарыг хамардаг.

Шинжээч Хажехпур “АНУ-аас Ираны боомтуудад тавьсан сүүлийн үеийн хязгаарлалт нь Каспийн тэнгисийн стратегийн үнэ цэнийг улам нэмэгдүүлсэн” гэж хэлжээ.
Түүнчлэн энэ зам нь барууны орнуудын тэнгисийн хяналтаас гадуур, ихэвчлэн Иран, Орос болон хөрш орнуудын хяналтад байдаг тул олон улсын хориг арга хэмжээнд харьцангуй бага өртдөг байна.
Каспийн тэнгис яагаад Иран, Оросын хувьд үнэ цэнтэй вэ?
Каспийн тэнгис Москва, Тегераны хооронд өсөн нэмэгдэж буй цэргийн хамтын ажиллагааны чухал суваг болсон байна. Иран, Орос хоёр эдийн засаг болон цэргийн хамтын ажиллагааг хамарсан стратегийн өргөн хүрээний гэрээтэй боловч энэ нь харилцан цэргийн тусламж үзүүлэх батлан хамгаалах гэрээ биш аж.
Украины дайн эхэлсний дараах эхний үед Орос Иранаас Shahed төрлийн довтлох дронуудыг Каспийн тэнгисээр дамжуулан хүлээн авч байсан бөгөөд дараа нь эдгээр дроны шинэ хувилбаруудыг ОХУ өөрийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэх болсноо мэдээлж байв.
Украин өмнө нь ч Каспийн чиглэл дэх Оросын тээврийн сүлжээг онилж байжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Port Olya-4 нэртэй ачааны хөлөг онгоц Shahed-136 дроны эд анги болон Ираны зэвсгийн ачаа тээвэрлэж байсан гэх мэдээллийн дараа устгагдсан байна.
Мөн 2024 онд CNN агентлаг Оросын Каспийн тэнгисийн боомтод Иранаас баллистик пуужин тээвэрлэж явсан байж болзошгүй хөлөг онгоц байсан талаар мэдээлж байв.
АНУ-ын Сангийн яам тухайн үед Оросын Батлан хамгаалах яам Port Olya-3 хөлгийг ашиглан Иранаас ойрын тусгалын баллистик пуужин тээвэрлэсэн гэж дүгнэсэн байна.
АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Оросын арми Ираны Fatah-360 баллистик пуужин хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Украины эсрэг ашиглах магадлалтай гэж мэдэгдэж байжээ.
Харин Иран тухайн үед Орост цэргийн тусламж үзүүлж байгаа гэх мэдээллийг няцаасан байна.
Украин Каспийн тэнгист цохилт өгснөөр юунд хүрэхийг зорьж байна вэ?
Украины Каспийн тэнгис дэх хөлөг онгоц болон эрчим хүчний байгууламжид хийсэн дроны халдлагууд нь тус улсын алсын тусгалын цохилтын чадавх нэмэгдэж буйг харуулж байгаа аж. Мөн эдгээр ажиллагаа нь Оросын дайны хүчин чадлыг дэмждэг салбаруудыг сулруулах зорилготой гэж шинжээчид үзэж буй юм байна.
Украин Иран болон Хойд Солонгос зэрэг улсууд Орост зэвсгийн дэмжлэг үзүүлж байна гэж үздэг. Үүнээс гадна уг ажиллагаа нь цаг хугацааны хувьд онцгой ач холбогдолтой байжээ. Зеленский Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахын өмнө эдгээр цохилтыг хийсэн байна.
Украины Ерөнхийлөгч мөн Орос улс Иранд Ойрхи Дорнод дахь АНУ-ын байгууламжуудад халдлага үйлдэхэд ашигласан байж болзошгүй хиймэл дагуулын мэдээлэл өгсөн гэж Украины тагнуулын мэдээлэлд үндэслэн мэдэгдсэн байна.
Украины илгээж буй гол мессэж нь “Бид нэг талд байна” гэсэн дохио гэж шинжээчид тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN