Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү чиглэсэн алсын тусгалт цохилтын тэргүүлэх зорилтот объектуудын жагсаалтыг шинэчилсэн талаараа мэдэгджээ.

Тэрбээр долдугаар сарын 26-ны ням гарагт цэргийн удирдлагуудтай “дипломат арга хэмжээний асуудлаар” хийсэн зөвлөгөөний дараа өөрийн Telegram сувгаар мэдээлэхдээ, Украины зэвсэгт хүчний алсын тусгалт цохилтын боломжуудыг бодит үр нөлөөтэй нь уялдуулан шинэчилж байгаа талаар онцолсон байна.

Зеленский “ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх тэргүүлэх зорилтот байнуудын жагсаалтыг бодит нөлөөлөлд нийцүүлэн шинэчиллээ. Манай цохилтын хүрээ хэдийнэ 3000 километрээс давсан бөгөөд үүнээс ч илүү хол зайд ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна” гэж мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн үзэж буйгаар, Оросын хувьд стратегийн гүн дэх ар талын хамгаалалт улам бүр асуудал болж буйн шалтгаан нь Оросын агаарын довтолгооноос хамгаалах ихэнх систем Москва хот, төрийн ордон, Крымийн гүүр болон Санкт-Петербургийн орчимд төвлөрсөнтэй холбоотой аж.

Түүний мэдээлснээр, зөвхөн 2025 онд Украины Батлан хамгаалах хүчнийхэн Уралын бүс нутаг, Сибирь болон Москвагаас алслагдсан бусад газруудад 1000 гаруй цохилтын ажиллагаа явуулсан байна.

Зеленский "Эдгээр ажиллагааны үеэр нефтийн салбарын объектууд, цэргийн үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүд, Оросын логистикийн системд чухал үүрэгтэй объектууд бай болсон" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Украины алсын тусгалт цохилтын гол зорилго нь Оросын зэвсгийн үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудын нийлүүлэлтэд хүндрэл учруулах, нефтийн болон бусад эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар Москваг дипломат шийдэлд хүрэхэд түлхэц үзүүлэх явдал гэж тайлбарлажээ.

Украины Ерөнхийлөгч “Бидний алсын тусгалт дарамт Оросыг дипломат арга зам руу илүү хүчтэй түлхэх ёстой. Үүнд зэвсгийн эд анги үйлдвэрлэх боломжийг хязгаарлах, нефтийн болон бусад эдийн засгийн хохирол учруулах, мөн энэ дайныг өөрсдийн нутаг дэвсгэр дээр мэдрүүлэх зэрэг хүчин зүйлс багтана” гэж онцолсон байна.

Мөн Зеленский “Дайныг нэр төртэй энх тайвнаар дуусгахын тулд Оросын улс төрийн удирдлагад шаардлагатай бүх саналыг хүргүүлсэн” гэж нэмж хэлжээ.

ОХУ-ын эсрэг “40 хоногийн нөлөөллийн ажиллагаа”

Үүнээс өмнө буюу зургадугаар сарын сүүлээр Владимир Зеленский Украины Аюулгүй байдлын алба (АБА)-нд Оросын эсрэг “дайныг зогсоох зорилготой 40 хоногийн нөлөөллийн ажиллагаа” явуулах зөвшөөрөл өгсөн гэж мэдээлжээ.

Тэр үед уг ажиллагааны нарийн агуулга, арга хэлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүний дараахан ОХУ-ын гүн дэх газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн халдлага нэмэгдэж, мөн Wildberries компанийн агуулахууд руу дайралт хийсэн талаарх мэдээллүүд гарсан байна.

Долдугаар сарын 10-нд Зеленский Украины Зэвсэгт хүчний бүтцэд “ОХУ-д чиглэсэн алсын тусгалт нөлөөллийн командлал” байгуулснаа зарлажээ.

Тэрбээр тухайн үед “Энэхүү командлал нь Оросын цэргийн чадавхыг илүү мэдэгдэхүйц бууруулахын тулд байгаа бүх нөөцийг 100 хувь төвлөрүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Тэр Украин ийн алсын тусгалт зэвсгийн чадавхаа нэмэгдүүлж, ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх стратегийн объектуудад чиглэсэн дарамтаа үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: DW