Донецкийн бүсийн аюултай бүсээс Константиновка хотын энгийн иргэдийг гаргах хүмүүнлэгийн ажиллагааны үеэр Украины Зэвсэгт хүчин халдлага үйлдсэн талаар ОХУ-ын тал мэдээлэв.

ОХУ-ын зэвсэгт хүчний “Өмнөд” бүлэглэлийн хэвлэлийн төвөөс РИА Новости агентлагт мэдээлэхдээ, энгийн иргэд аюултай бүсээс гарч явсан үед Украины цэргийн алба хаагчид хамгаалалтгүй хүмүүсийн эсрэг FPV төрлийн дрон ашиглан цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Тус хэвлэлийн төвийн мэдээлэлд, “Украины цэргүүдийн бай нь Оросын армийн байрлал биш, харин Константиновка хотын энгийн иргэд байсан. Киевийн эрх баригчдын олон жилийн турш ‘өөрсдийнх нь хүмүүс’ хэмээн нэрлэж ирсэн тэр хүмүүс рүү чиглэсэн халдлага болсон” гэж онцолжээ.

Мөн уг үйл явдлыг харуулсан дүрс бичлэг байгаа гэж РИА Новости мэдээлсэн бөгөөд халдлага нь цэргийн алба хаагчид таван насанд хүрсэн хүн, хоёр өсвөр насны хүүхдээс бүрдсэн долоон хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлж байх үед болсон гэж тодруулсан байна.

Халдлагын улмаас хоёр хүн шархадсан бөгөөд Оросын цэргүүд тэдэнд анхны тусламж үзүүлж, дараа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлсэн гэж мэдээлжээ.

ОХУ-ын “Өмнөд” бүлэглэлийн хэвлэлийн төвөөс энэ талаар “Энгийн иргэдийн эсрэг FPV дроноор халдах нь цэргийн шаардлага биш. Энэ бол хүмүүсийг айлгаж, дуугүй байлгах гэсэн "цөхрөлийн үйлдэл" юм. Гэвч Украины цэргийн буудлагад өртөж, дайны аймшгийг хэдийнэ туулсан хүмүүсийг айлган сүрдүүлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов долдугаар сарын 3-нд Константиновка хотыг бүрэн эзэлсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн гэж мэдээлжээ.

Оросын талын мэдээлснээр, Путин энэ үйл явдлыг Донецкийн бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах ажиллагааны чухал алхам хэмээн үнэлж, Константиновкаг эзэлснээр Славянск болон Краматорск чиглэлд цааш давших шууд боломж нээгдэж байна гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI