ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Киевээс өдөөн хатгасан үйлдлүүд гаргаж болзошгүй, тэр дундаа ОХУ-д намар болох сонгуулийн кампанит ажлын үеэр гаргаж болох үйлдлүүдийг урьдчилан тооцож, бэлэн байх шаардлагатай" гэж мэдэгдлээ.
Песков сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Оросын тал ийм төрлийн үйлдлүүдийг үргэлж анхаарч, шаардлагатай бэлтгэл арга хэмжээг авч байх ёстой" гэж онцолсон байна.
Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины орой хийхээр товлосон олон улсын утасны ярианы талаар мэдээлэл өгчээ. Песковын хэлснээр, уг яриа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хэлэлцээ биш боловч олон улсын ач холбогдолтой, чухал яриа байх аж.
Песков Украины мөргөлдөөний хүрээнд байлдааны ажиллагааны хүрээ тэлж байгаа асуудалд Кремль анхаарал хандуулж буйг тэмдэглэжээ. Түүний хэлснээр, мөргөлдөөний бүс тэлэх нь “маш аюултай” бөгөөд энэ нь хурцадмал байдлыг нэмэгдүүлэх ээлжит шат болж байгаа аж. Тэрбээр мөн "Оросын тал Киевийн бодлоготой холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна" гэж мэдэгдсэн байна.
Песков ОХУ-д намар болох нэгдсэн санал хураалтын өдрийн үеэр аюулгүй байдлыг хангах асуудлыг мөн хөнджээ. Түүний мэдээлснээр, тус улсын тусгай алба болон холбогдох байгууллагууд сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Песков "Оросын сонгуулийн үйл явцтай холбоотойгоор Киевээс ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гарч болзошгүй тул үүнийг урьдчилан тооцож, бэлтгэлтэй байх шаардлагатай" гэж дахин онцолжээ.
Эх сурвалж: TASS