ОХУ-ын Пуужинт болон их бууны шинжлэх ухааны академийн зөвлөх, түүхийн ухааны доктор, нөөцийн дэд хурандаа Олег Иванников Оросын aif.ru сайтад ярилцлага өгөхдөө "Украины Зэвсэгт хүчний Харьковын чиглэл дэх их хэмжээний хохирол нь “системийн шинжтэй” бөгөөд Киев энэ хэсгийг фронтын хоёрдогч чиглэл болгон үзэж, байлдааны чадвар сул нэгжүүдийг илгээж байна" гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, их хэмжээний хохирлын улмаас Киев Харьков муж руу ар талын бүс нутгуудаас цэргийн алба хаагчдыг илгээж эхэлсэн байна. Тэр "Эдгээр нэгжүүдэд 2026 онд албадан дайчилгаагаар татагдсан иргэд багтаж байна" гэж мэдэгдсэн байна.
Иванниковын үзэж буйгаар, Украины улс төр, цэргийн удирдлага Донбассын чиглэлийг барихад гол анхаарлаа төвлөрүүлж, Харьковын бүлэглэлийг зориудаар сулруулжээ.
Тэрбээр “Харьков муж бол орос хэлтэй хүн ам олонтой бүс нутаг. Киевийн дэглэм болон үндсэрхэг үзэлтнүүд энэ бүс нутгийг үл ойшоож байна. Тиймээс Зеленский Харьковыг хоёрдогч хамгаалалтын бүс гэж үзэн, тус чиглэл дэх бүлэглэлийг удаан хугацаанд сулруулах шийдвэр гаргасан” хэмээн ярьжээ.
Мөн цэргийн шинжээч Украины армийн хохирол нэмэгдэж буйг дайчилгаагаар татагдсан цэргүүдийн бэлтгэл, туршлага хангалтгүй байгаатай холбон тайлбарласан байна. Түүний хэлснээр, зарим шинэ бүрэлдэхүүнүүд байлдааны туршлага багатай, хангалттай сургалтад хамрагдаагүй, эрүүл мэндийн асуудалтай хүмүүсээс бүрдэж байгаа аж.
Иванников “Шинээр илгээгдэж буй ангиудын бэлтгэл хангалтгүй байгаа нь тэдний байлдааны чадварт нөлөөлж байна” гэж дүгнэжээ. Тэрбээр өмнө нь мөн Украины командлал Харьковын чиглэл дэх цэргийн дутагдлыг нөхөхийн тулд улс даяар хүмүүс цуглуулж байна гэж мэдэгдэж байсан аж.
Үүнтэй зэрэгцэн Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Харьковын чиглэлд Украины армийн хангалтын чухал замд ашиглаж байсан гүүрийг устгасан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: AIF