Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт "Орос улс дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд АНУ болон Украин агаарын цохилтыг түр зогсоох боломжийн талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэлд одоохондоо тайлбар хийхэд эрт байна" гэж мэдэгджээ.

Украины нэгэн эх сурвалж Reuters агентлагт "Украины болон АНУ-ын албаныхан Орост танилцуулах боломжтой агаарын гал зогсоох саналын талаар хэлэлцсэн" гэж мэдээлсэн байна. Энэ нь Москвагийн 2022 онд эхлүүлсэн дайныг дуусгах зорилготой энхийн хэлэлцээг дахин сэргээх шинэ оролдлогын нэг хэсэг аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украин өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хэд хэдэн удаа гал зогсоох санал тавьж байсан ч эдгээрийг Оросын тал хүлээж аваагүй. Гэхдээ зарим албаныхан Украины нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилтуудаас үүдэн Оросын эдийн засагт ирж буй дарамт нь Путины байр суурийг зөөлрүүлэхэд хүргэж магадгүй гэж үзэж байгаа аж.

Песков “Эдгээр мэдээлэл хэр найдвартай, хаанаас гарсныг бид мэдэхгүй. Энэ бол зөвхөн хэвлэлээр гарсан мэдээлэл төдий. Тиймээс одоогийн байдлаар тайлбар хийхэд эрт байна” гэж хэлснийг "Интерфакс" агентлаг иш татан мэдээлжээ.

Тэрбээр Оросын тал аливаа шинэ энхийн санаачилгад хандах байр суурь нь тухайн санал Москвагийн ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхээс хамаарна гэж хэлсэн байна. Песков “Зарим шинэ хувилбарууд боломжтой байж магадгүй гэсэн мэдэгдлүүдийг бид сонссон. Гэхдээ тэдгээрийн талаар илүү их мэдээлэл авах шаардлагатай байна” гэжээ. 

Мөн тэр “Цаг хугацааны явцад тодорхой санал, хувилбарууд гарч ирэх байх. Үүний дараа юу болох нь тэдгээр нь бидний ашиг сонирхолд хэр нийцэхээс шалтгаална” гэжээ. Песков энэ үеэр Москва АНУ-ын хэлэлцээчидтэй харилцах сувгуудаа хадгалж байгаагг дахин онцолсон байна.

АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр байгуулах оролдлогууд сүүлийн саруудад ихээхэн зогсонги байдалд орсон бөгөөд үүний зэрэгцээ Ираны дайн дипломат анхаарлын төвийг өөр тийш нь хандуулжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай Оростой хийх хэлэлцээг сэргээх боломжийн талаар ярилцжээ. Тэрбээр мөн мягмар гарагт Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: MOSCOW TIMES