Оросын Зэвсэгт хүчний Запорожье хот болон Запорожийн мужийн нутаг дэвсгэрт хийсэн цохилтын улмаас нэг хүн амиа алдаж, 12 хүн шархадсан гэж тус мужийн Цэргийн захиргааны дарга Иван Федоров долдугаар сарын 26-ны ням гаргийн өглөө Telegram сувгаар дамжуулан мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын Зэвсэгт хүчин Запорожийн мужийн 50 суурин газарт нийт 1029 удаагийн цохилт өгсөн байна. Үүний улмаас дэд бүтэц, орон сууц, автомашин, аж ахуйн зориулалттай барилга байгууламжид хохирол учирсан тухай 80 мэдээлэл бүртгэгджээ.
Херсон мужийн Цэргийн захиргааны тэргүүн Александр Прокудин мөн долдугаар сарын 26-ны өглөө Telegram хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ, Оросын халдлагын улмаас тус бүс нутагт хоёр хүн амиа алдаж, 24 хүн шархадсан гэжээ.
Түүний хэлснээр, Оросын цэргүүд чухал дэд бүтэц, нийгмийн зориулалттай объектууд, суурин газрын орон сууцны бүсүүдэд цохилт өгсөн байна. Үүний улмаас 18 олон давхар орон сууц, 17 хувийн байшин гэмтсэн гэж мэдээлжээ.
Мөн халдлагын үеэр сүм, шатахуун түгээх станц, дэлгүүрүүд, хийн хоолой, аж ахуйн байгууламж, хувийн гараж, автомашинууд эвдэрч, сүйдсэн байна.
Днепропетров муж дахь халдлага
Днепропетров мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлэхдээ, Павлоград хотод шөнийн Оросын буудлагын улмаас 66 настай эрэгтэй хүн шархадсан гэжээ. Түүний мэдээлснээр, Оросын цэргүүд нэг шөнийн дотор тус мужийн гурван дүүрэгт 20 удаа артиллер болон нисгэгчгүй төхөөрөмж ашиглан халдсан байна.
Никополийн дүүрэгт Никополь хот, Марганец, Покровын нийгэмлэгүүд галд өртжээ. Мөн их дэлгүүр гэмтсэн байна. Украины хэвлэлүүдийн мэдээлснээр энэ нь "Эпицентр" худалдааны төв байжээ. Кривий Рих хотод худалдааны төв эвдэрч, гал гарсан гэж Ганжа нэмж мэдээлсэн байна.
Киев хотод болсон халдлага
Киев хотын дарга Виталий Кличко долдугаар сарын 26-ны өглөө мэдээлэхдээ, Оросын нийслэл рүү хийсэн халдлагын улмаас гурван иргэн шархадсан гэжээ. Тэдний нэгийг эмнэлэгт хүргэсэн бол хоёр хүнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Украины бүс нутгуудад хийсэн Оросын довтолгоо
Украины Агаарын цэргийн хүчний өглөөний мэдээллээр, долдугаар сарын 26-ны шөнө ОХУ Украинд Хар тэнгисийн агаарын орчноос хөөргөсөн Х-59/69 удирдлагатай пуужин, 7 баллистик пуужин ("Искандер-М"/С-400), 136 цохилтын зориулалттай нисгэгчгүй төхөөрөмж болон хуурмаг дрон ашиглан халдсан байна.
Дронуудыг ОХУ-ын Брянск, Курск, Орёл, Миллерово, Приморско-Ахтарск, мөн Донецк болон Крымийн Гвардейское агаарын баазаас хөөргөсөн гэж Украины тал мэдээлжээ.
Украины Агаарын цэргийн хүчний урьдчилсан мэдээллээр, өглөөний 08:30 цагийн байдлаар 1 ширхэг Х-59/69 пуужин, 5 ширхэг "Искандер-М"/С-400 баллистик пуужин, 104 нисгэгчгүй төхөөрөмжийг агаарын довтолгооноос хамгаалах систем устгаж, саармагжуулсан байна. Гэхдээ 2 Оросын баллистик пуужин, 27 цохилтын дрон 18 байд хүрсэн гэж мэдээлжээ. Мөн 7 газарт пуужингийн үлдэгдэл унасан байна.
Эх сурвалж: DW