Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтын үеэр Украины дайныг “царцаах” боломжийг авч үзэх санал гаргажээ. Энэ ярианы хэсэг болон Путинs хариу үйлдлийг Оросын төрийн мэдээллийн агентлаг ТАСС нийтэлсэн байна.

Уулзалт долдугаар сарын 24, 25-нд Омск хотод болсон Орос, Казахстаны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны форумын хүрээнд болжээ.

Токаев: Мөргөлдөөнийг царцаах хэрэгтэй

Токаев Путинтэй уулзах үеэрээ Украины дайны нөхцөл байдлын талаар “Одоогийн байдлаар энэ байдлаас хэрхэн гарахыг хэн ч мэдэхгүй байна. Учир нь талууд өөр өөр байр суурьтай байна” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ тэр “Магадгүй энэ мөргөлдөөнийг одоо царцааж, Стамбулын 2.0 томъёолол руу эргэн очих хэрэгтэй болов уу. Учир нь, тэнд нэлээд томоохон үр дүнд хүрч байсан” гэж санал болгосон байна.

Түүний дурдсан “Стамбулын томъёолол” гэж 2022 онд Орос, Украины төлөөлөгчдийн хооронд явагдсан хэлэлцээний үеийн саналуудыг хэлж байгаа аж.

Казахстан зуучлагч болохоос татгалзаж байна

Токаевын хэлснээр, Украины дайны асуудлаар Европ болон АНУ-аас түүнд “олон дохио” ирдэг бөгөөд энэ талаар тэр өмнө нь Путинд мэдээлж байсан аж. Гэхдээ Токаев "Казахстан улс Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахад албан ёсны зуучлагчийн үүрэг хүлээхгүй" гэж онцолжээ.

Токаев: Энэ мөргөлдөөний мөн чанар олон хүнд ойлгомжгүй байна

Казахстаны Ерөнхийлөгч Украины дайныг “Улс хоорондын мөргөлдөөн” гэж тодорхойлсон бөгөөд “Энэ нь иргэний дайн биш” гэжээ. Тэр мөн “Бид Украины ард түмэн, түүний соёл, хэлэнд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Энэ мөргөлдөөний мөн чанар олон хүнд, тэр дундаа бидэнд ч бүрэн ойлгомжтой биш байна” гэж хэлсэн байна.

Токаев цааш нь “Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй. Учир нь, Украины дайн Москва болон Киевийн аль алиных нь эсрэг талын ашиг сонирхолд нийцэж байна” гэж мэдэгджээ.

Токаев Путины дипломат уян хатан байдлыг үнэлэв

Токаев мөн Путиныг 2025 оны наймдугаар сард АНУ-ын Анкориж хотод болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээндээ “Дээд зэргийн дипломат уян хатан байдал гаргасан” гэж үнэлсэн байна.

Песков: Дайныг царцаах боломжгүй

Путин Токаевын саналд товч хариу өгөхдөө Украины асуудлаарх нөхцөл байдлын талаар “Өдөр дэлгэрэнгүй мэдээлнэ” гэж амалсан байна. Харин хэдэн цагийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын байр сууриа илэрхийлжээ.

Тэр “Путин Украины асуудлын талаар бүгдийг дэлгэрэнгүй тайлбарласан” гэж хэлсэн байна. Песков мөн “Киевийн байр суурийг харгалзан үзвэл дайныг царцаах боломжгүй” гэж мэдэгдээд, “Бидний хувьд хамгийн гол нөхцөл бол тавьсан зорилгодоо хүрэх явдал. Эдгээр зорилго тодорхой, дараалалтай. Тиймээс Киевийн дэглэм зохих шийдвэр гаргавал бүх зүйл өнөөдөр ч зогсож болно”  гэж хэлжээ.

Эх сурвалж: DW