Киев хотод Украины Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Михаил Фёдоровыг эргүүлэн томилохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал дахин зохион байгуулагджээ.

Жагсаал долдугаар сарын 24-ний баасан гарагт Франкогийн талбайд болсон бөгөөд урьдчилан зарласан байсан ч оролцогчдын тоо эхний өдрүүдийн томоохон жагсаалуудтай харьцуулахад цөөн байсан аж. Энэ удаагийн жагсаалд ойролцоогоор 100-500 хүн оролцсон байна.

Энэ удаа жагсагчдын шаардлага хоёр үндсэн зүйлд төвлөрчээ. Нэгд, Михаил Фёдоровыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалд буцаан томилох. Хоёрт, дайны туршлагатай ахмад хүнийг Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар томилох тухай байсан аж.  

Оролцогчид шаардлагаа биелүүлэх хүртэл эсэргүүцлийн ажиллагаагаа хугацаагүй үргэлжлүүлж, гудамжинд гарахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна.

Илүү олон дуу хоолой, бага уриа лоозон

Участники акции в Киеве 24 июля

Жагсаалыг Орос-Украины дайны ахмад дайчин, хөдөлгөөний албан бус зохион байгуулагч Дмитрий Козятинский удирдсан байна.

Жагсагчид өмнөх шаардлагынхаа нэг болох Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шийдвэрээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийг чөлөөлж, түүний оронд Михаил Драпатыйг томилсныг сайшаажээ.

Оролцогчдын үзэж байгаагаар, энэ шийдвэр нь Фёдоровыг Батлан хамгаалах яаманд буцаан томилуулах боломжтой гэсэн итгэлийг нэмэгдүүлсэн байна.

Эхний өдрүүдэд жагсагчид тасралтгүй уриа хашгирч байсан бол энэ удаа уриа лоозонгийн оронд Украины алдартай дуунууд дуулах, мегафоноор уриалга, текст унших зэрэг хэлбэр давамгайлжээ. Мөн “нээлттэй микрофон” ашиглаж, хүссэн хүн бүр яагаад жагсаалд оролцож байгаагаа олон нийтэд тайлбарлах боломжтой болсон байна.

“Сайдыг биш, олзлогдогсдыг соль!”

Люди вышли на протесты с флагами Евросоюза

Жагсаал ерөнхийдөө эх оронч өнгө аястай байжээ. Оролцогчид Украины төрийн дууллыг дуулан, Украины болон Европын холбооны далбааг барьж, Украины үндсэрхэг хөдөлгөөний улаан-хар тугийг мандуулсан байна. Мөн үндэсний эв нэгдлийг уриалжээ.

Зарим жагсагчид “Азов” ангийн олзлогдсон дайчдыг буцаахыг шаардсан плакат барьсан байна. Хамгийн их давтагдсан урианы нэг нь “Сайдыг биш, олзлогдогсдыг соль!” гэсэн уриа байжээ.

Жагсаал илүү зохион байгуулалттай болж эхлэв

Энэ удаагийн жагсаал өмнөхөөсөө илүү зохион байгуулалттай шинжтэй болсон байна. Оролцогчдод савласан ус, чихэр тарааж, кофе, цай, жигнэмгээр үйлчилсэн түр цэг ажиллуулжээ. Мөн Украины Зэвсэгт хүчинд хандив өгсөн хүмүүст жагсаалыг илүү чанга, анхаарал татахуйц болгох зорилгоор шүгэл өгч байсан аж.

Жагсагчид Фёдоровын хийсэн ажлыг онцолжээ

Протесты в Киеве

“Фёдоровыг буцаа” гэсэн бичигтэй самбар барьсан нэгэн эмэгтэй түүнийг Украины армийн технологийн шинэчлэлийн гол боломж гэж үзэж байгаагаа хэлжээ. Тэр “Тэр бол Батлан хамгаалахын хамгийн сайн сайд. Тэр дрон хөгжүүлэх, орчин үеийн технологи нэвтрүүлэх, цэргүүдийн амь насыг хамгаалахыг дэмждэг” гэж ярьсан байна.

Түүний хэлснээр, Фёдоровын үед Киевийн дээгүүр Оросын нисгэгчгүй төхөөрөмжүүдийг илүү үр дүнтэй устгаж эхэлсэн аж.

Нэгэн оюутан “Цэргүүдийн амьдрал бүхнээс чухал!” гэсэн уриаг дэмжиж байжээ. Тэрбээр Фёдоровыг армид шаардлагатай өөрчлөлтийн бэлгэдэл гэж үзэж байгаагаа хэлээд, зөвхөн дрон биш; авлигатай тэмцэх; батлан хамгаалах салбарын асуудлыг шийдэх шаардлагатай гэж ярьсан байна.

Өөр нэг оролцогч “Би Фёдоровыг батлан хамгаалах худалдан авалтын далд схемүүдийг илчилж, авлигатай тэмцэж байсных нь төлөө хүндэлдэг” гэжээ.

Хугацаагүй эсэргүүцэл үргэлжлэх боломжтой

Участник акции протеста

Өмнөх жагсаалуудтай харьцуулахад энэ удаагийн жагсаалын самбарууд дээр илүү ширүүн, заримдаа бүдүүлэг үг хэллэгтэй уриа нэмэгдсэн байна. Жагсагчид 2004-2005 оны “Улбар шар хувьсгал”-ын үеийн “Бид олон, биднийг дийлэхгүй!” гэх алдарт уриаг дахин ашиглажээ. 

Үүнийг шинэчилж “Фёдоров, Драпатый - биднийг дийлэхгүй!” гэж уриалсан байна. Гэхдээ хамгийн олон давтагдсан уриа нь “Үр дүн гарах хүртэл явахгүй!”, “Үйлдэл хэрэгтэй, идэвхгүй байдал биш!” гэсэн байжээ.

Жагсагчдын нэмэлт шаардлага

Жагсагчид Зеленскийд хандан Фёдоровыг буцаахыг шаардсанаас гадна Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар энгийн төрийн албан хаагч биш, шууд байлдааны ажиллагаанд оролцож байсан хүн томилох шаардлага тавьжээ.

Тэд эрх баригчид шаардлагыг нь биелүүлэх хүртэл талбайд гарч, эсэргүүцлээ үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW