Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тагнуулын байгууллагынхаа мэдээлэлд үндэслэн, "ОХУ 2026 оны намар цэргийн дайчилгаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ. Мөн түүний хэлснээр, энэ оны зургадугаар сараас эхлэн Оросын Воронеж мужид Хойд Солонгосын 30 мянган цэргийг хүлээн авах бэлтгэл хангаж байгаа ажээ.

Зеленский "Дайчилгааг өргөжүүлэх" гэж яг юуг хэлж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Гэсэн хэдий ч тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Оросын шинэ иргэдийг дайнд татан оролцуулахад бэлтгэж байна" гэж мэдэгджээ.

Зеленский "Тэр үүнийг өөр үг, өөр дохио зангаагаар халхалж байгаа ч үнэндээ бэлтгэж байна. Бид түнш орнуудтайгаа хамт Орост хангалттай дарамт үзүүлж чадвал энэ түрэмгийллээ үргэлжлүүлэх биш, энх тайвны талаар бодоход хүргэнэ" хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн Зеленский "Орос улс Хойд Солонгосоос дахин 30 мянган цэрэг авахыг хүсэж байна" гэж мэдэгджээ. Мөн тэр Пёньян Москвад баллистик пуужингийн шинэ харвагч төхөөрөмжүүд нийлүүлэхээр бэлтгэж байгаа гэж үзэж байгаа аж.

Тэрбээр Орос, Хойд Солонгосын цэргийн хамтын ажиллагааг "Азийн бүс нутгийн, Хойд Солонгосын пуужингийн тусгалд багтдаг бүх орны аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг" хэмээн тодорхойлжээ. Учир нь, Зеленский "Орос улс Хойд Солонгост дайны туршлага хуримтлуулахад нь тусалж байна" гэж мэдэгдсэн байна.

Зеленский өмнө нь ч "шинэ дайчилгаа" яригдсан гэж мэдэгдэж байжээ

Зеленский долдугаар сарын 24-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ ч "Орос 'нэлээд өргөн хүрээтэй шинэ дайчилгаа' хийхээр бэлтгэж байна" гэж ярьсан юм.

Тэрdээр "Одоогийн байдлаар Орос фронтод элсүүлж буй цэргүүдээсээ илүү олон цэргээ алдаж байгаа ч Путин довтолгоогоо улам нэмэгдүүлж, дайныг тэлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.

ОХУ-д дайчилгааны тухай зарлиг албан ёсоор хүчинтэй хэвээр байна

ОХУ-д "хэсэгчилсэн дайчилгаа" 2022 оны есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл явагдсан.

2023 оны нэгдүгээр сард Оросын "Яблоко" намын Псков дахь салбарын дарга Артур Гайдук Ерөнхийлөгчийн Тамгын газрын хариуг нийтэлсэн бөгөөд уг хариунд хэсэгчилсэн дайчилгааны тухай Ерөнхийлөгчийн зарлиг хүчинтэй хэвээр байгааг дурдсан байна.

Үүний дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Уг зарлиг Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хангахтай холбоотой бусад зохион байгуулалтын арга хэмжээг мөн зохицуулдаг учраас хүчин төгөлдөр хэвээр байна" гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: DW